Орос-Украины тулаан долоо дахь хоногтоо үргэлжилж байна. Оросын цэрэг армийн цуваа Украины нийслэл Киев хотын захад тулж ирлээ. Тус хотын баруун хойд зүгт 30 км хүрэхгүй зайд цэргийн хүнд техник, танк бүхий цуваа ойртон ирсэн гэж олон улсын эх сурвалжууд мэдээлж байна.
Өнөөдөр өглөө Киевийн хамгийн өндөр телевизийн цамхаг руу Оросын талаас пуужин харваж таван хүн амь үрэгджээ.
Түүнчлэн Украины баруун өмнөд хэсэгт байрлах Херсон хотод Оросын армийн бие бүрэлдэхүүн нэвтэрсэн тухай мэдээлээд байна. Тус хотын гудамж талбайд цэргийн тоног төхөөрөмжүүд нэвтэрснийг хяналтын камерт бичжээ. 300,000 орчим оршин суугчтай хотын дарга олон улсын Засгийн газруудад хандан хоол хүнс, эм бэлдмэл, шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх зэрэгт хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг уриаллаа.
Харьков хотын хувьд нөхцөл байдал сайнгүй хэвээр байгаа бөгөөд хотын төв талбай пуужингийн дайралтад өртсөн. Тус хотод нас барсан хүний тоо 10 гарсан бөгөөд олон арван хүн гэмтэж шархдаад байна. Украины Ерөнхийлөгч Влодимир Зеленский Харьковын дайралтыг дайны гэмт хэрэгт тооцож, хэнийг ч уучилж өршөөхгүй гэжээ.
Энэ хооронд Украины баруун хойд бүсийн Житомир хотод орон сууцны барилга бөмбөгдөлтөд өртөж дөрвөн хүн амиа алдсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.
ОХУ энгийн ард иргэдийг дайны хөлд үрэхгүй гэж эхэндээ мэдэгдэж байсан боловч одоогоор Украинд 200 гаруй хүн амь үрэгдээд байгаагийн дийлэнх нь энгийн иргэд гэж өрнөдийн агентлагууд мэдээлжээ.
Эх сурвалж: ВВС, CNN, The Guardian