Цаг үеийн мэдээ

Оросын цэргүүд Херсон хотыг бүрэн эзэлсэн гэж тус хотын дарга Игорь Колихаев мэдэгджээ. Тус хот Оросын талд бууж өгсөн бөгөөд хотын оршин суугчид руу гал нээхгүй байхыг уриалсан байна. Херсон нь Оросын цэргүүдийн бүрэн эзэлсэн анхны хот гэж эх сурвалжууд мэдээлжээ. Харьков болон Киев хотуудад тулаан үргэлжилсээр байна. 

Гарз хохирол болоод амь үрэгдсэн иргэдийн тухай дайтагч талууд харилцан адилгүй мэдээлсээр байна. Оросын Батлан хамгаалахаас өөрийн талын 498 цэргээ алдаж, 1597 цэрэг шархадсан бол Украины 2870 цэргийг хороож, 3700 цэргийг шархдуулан, 500 гаруй цэргийг олзолсон гэжээ. Харин Украины талаас долоо хоногийн дотор 2000 гаруй иргэнээ алдсан бол ОХУ-ын 7000 цэргийг хороосон хэмээн мэдээлээд байна.

НҮБ-ын хүний эрхийн байгууллагын мэдээлснээр ОХУ-ын дайралт эхэлснээс хойш Украины нутаг дэвсгэрт 300 орчим энгийн иргэн амь эрсдэж, 525 иргэн гэмтэж шархадсан байна. 

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейд явуулсан санал асуулгаар гишүүн орнуудын 141 нь Оросын халдан түрэмгийллийг зогсоох шаардлагатай гэж үзжээ. Орос, Украины өндөр дээд хэмжээний төлөөлөгчид өнөөдөр Беларусь улсын нутаг дэвсгэрт хоёр дахь удаагийн уулзалтаа хийнэ. Украины нутгаас 870,000 орчим иргэн дүрвэн гарчээ.

Эх сурвалж: Sky News, Al Jazeera

 

Таны сурталчилгаа