Цаг үеийн мэдээ

Хэдийгээр олон улсын хоригт багтаагүй ч өөрийн 20 орчим жил эзэмшсэн премьер лигийн “Челси” клубээ зарах шийдвэрийг Оросын тэрбумтан Роман Абрамович гаргалаа. Тэрээр уг шийдвэрийг гаргахад тун хүнд байсан төдийгүй хайртай багаасаа хагацахад сэтгэл нь ихэд өвдөж байгаа гэдгээ хэлсэн байна. 

Абрамович “Ямар нэг өр зээл нэхэгдээгүй. Клубээ зарсан мөнгөө дайны хохирогчдод хандивлана. Одоогийн нөхцөл байдалд клубээ зарах нь багийн гишүүд, хөгжөөн дэмжигчид, хөрөнгө оруулагчид, түншүүдэд хамгийн зөв шийдвэр. Клубыг худалдах явц дүрэм журмын дагуу явагдана” гэжээ. 

Спортын шинжээчид хөлбөмбөгийн “Челси” клубийг ойролцоогоор 3 тэрбум фунт стерлингийн үнэ хүрнэ гэж таамаглаж байна. Энэ жил 55 настай Абрамовичийн нийт хөрөнгө 13,5 тэрбум ам.доллараар тооцогддог бөгөөд “Челси” клубыг 2003 онд 140 сая фунт стерлингээр худалдаж авч байсан юм. 

АНУ, Европын холбоо тэргүүтэй өрнөдийн орнууд ОХУ-ын Украинд эхлүүлсэн халдан түрэмгийлэх үйлдлийг эсэргүүцэж, Оросын нөлөө бүхий улс төрчид, хөрөнгөтөн олигархуудын эсрэг эдийн засгийн хориг тавьж байна. Германы эрх баригчид Оросын тэрбумтан Алишер Усмановын эзэмшдэг дэлхийн хамгийн үнэтэйд тооцогддог дарвуулт онгоц “Дилбар”-ыг хураажээ. Усманов уг үйлдлийг шударга бус явдал хэмээн эсэргүүцсэн байна.

Энэ долоо хоногийн байдлаар Оросын тэрбумтнуудын эзэмшдэг дөрвөн ч тансаг зэрэглэлийн дарвуулт хөлөг онгоц хориг хамаарахгүй бүс болох Монтенегро, Мальдив руу хөдөлжээ.

Эх сурвалж: ВВС, The Guardian

 

Таны сурталчилгаа