Цаг үеийн мэдээ

ОХУ Украины нутаг дэвсгэрт халдсаны дараа цус асгарсан тулаан хоёр дахь долоо хоногтоо шилжиж байна. Уг дайны хохирогчдод эмгэнэл илэрхийлж, энх тайвны бэлгэ тэмдэг болгон Москва дахь Украины элчин сайдын яамны гадаа цэцэг тавихыг хүссэн бага насны таван хүүхдийг хоёр ээжийн хамт цагдаа нар баривчлан саатуулжээ.

Хүүхдүүд элчин сайдын яамны гадаа цэцэг тавихаас гадна “No to War” гэсэн дайныг эсэргүүцсэн зурагт хуудас барьсан байжээ. Цагдаа нар Екатерина Завизион, Ольга Алтер нарыг 11 настай Лиза, Гоша болон 9 настай Матвей, 7 настай Дэвид, Софиа нарын хамт баривчилж, бүхээгтэй тэргэнд суулган цагдаагийн газар луу авч явсан байна. 

Тэднийг баривчлан саатуулснаас хойш хэдэн цагийн дараа сулласан ч насанд хүрсэн хоёр эмэгтэйд тодорхойгүй шалтгаанаар яллах дүгнэлт үйлдэж, торгохоор болсон гэж зарим эх сурвалж мэдээлжээ. Хуулийн дагуу 14 нас хүрээгүй хүүхдүүдийг гурван цагаас илүү баривчлан саатуулах хориотой аж.

Эдгээр хүүхдүүдээс гадна ОХУ-ын төрийн далбаан дээр нэмэх тэмдэг зурж, Украины төрийн далбааг нэмэн, тэнцүү зүрх гэсэн зурагт хуудас барьсан хүүхдүүдийн нэгийг мөн баривчлан саатуулсан хэрэг гарсан байна. 

Мэдээллийн сайтууд Оросын өнцөг булан бүрт дайныг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж байгаа талаар дамжуулсаар байгаа юм. Ерөнхийлөгч В.Путин Украин руу цэргээ оруулах шийдвэрийг танилцуулснаас хойш дайныг эсэргүүцсэн 320 гаруй жагсаал  Оросын 33 хотод зохион байгуулагдаж, цагдаа нар 6840 орчим иргэнийг баривчлан саатуулсан байна.

Эх сурвалж: The Guardian

 

Таны сурталчилгаа