Өрнөдийн тагнуулын мэдээллээр БНХАУ-ын эрх баригчид ОХУ-ын албан тушаалтнуудад хандан Бээжингийн өвлийн олимпын наадмыг дуусах хүртэл Украин руу халдахгүй байхыг хүссэн гэжээ. Энэ тухай мэдээллийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены ажлын хэсэг, Европын албаныхан дамжуулсан байна.
Өөрөөр хэлбэл Хятадын Засгийн газар Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу дайрна гэдгийг мэдэж байсан аж. Ерөнхийлөгч Путин Хятадын дарга Си Зиньпинтэй хоёрдугаар сарын 4-ний өдөр Бээжингийн өвлийн олимпын наадмын нээлт эхлэхээс өмнө уулзсан. Энэ уулзалтаар Москва, Бээжин хамтын ажиллагаа, түншлэлээ тунхагласан 5000 үгтэй мэдэгдэл гаргасан билээ.
Уг уулзалтаар шийдвэрлэсэн өөр нэг асуудал нь Путин Украин руу халдаж болзошгүй талаар хэлэлцсэн нууцлалын өндөр зэрэглэлтэй сэдэв байсан гэж өрнөдийн тагнуулууд мэдээлсэн байна. Хятадын эрх баригчид Путиныг Бээжинд айлчлах үед Украин дахь дайралтаа Бээжингийн өвлийн олимпын наадам дууссаны дараа хийх хүсэлт тавьсан бөгөөд Москва Бээжингийн эсэргүүцэлтэй тулгарахгүйн тулд дайралтаа хойшлуулсан байж болзошгүй юм.
Бээжингийн өвлийн олимп хоёрдугаар сарын 20-ны өдөр дууссан. Үүний дараах өдөр нь Путин цэргийн бие бүрэлдэхүүнээ босогчдод эзлэгдсэн Украины зүүн бүс рүү оруулах шийдвэрийг дэлхий дахинд танилцуулсан. ОХУ 2008 онд Гүрж рүү халдахад Бээжингийн зуны олимпын наадам үргэлжилж байсан тул Хятадын эрх баригчдыг тухайн үед багагүй гонсойлгосон юм.
Эх сурвалж: New York Times