Украин болон ОХУ-ын өндөр дээд албаны төлөөлөгчид өнгөрсөн шөнө хоёр дахь шатны уулзалт хэлэлцээрээ хийлээ. Энэ уулзалтаар талууд байлдааны нөхцөл байдал үүссэн газруудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх коридор гаргахаар санал нэгдсэн байна. Ирэх долоо хоногт гурав дахь шатны уулзалт товлогдож болзошгүй гэж зарим агентлагууд мэдээлжээ.
Хоёр улсын төлөөлөгчдийн уулзалтын дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай нүүр тулан уулзах хүсэлт тавьсан байна. “Дайныг зогсоох цорын ганц арга бол хоёр улсын удирдагчид хэлэлцээрийн ширээний ард суух юм” гэж Зеленский үзэж байна. Мөн тэрээр өрнөдийн орнуудад хандан Украин улсад Оросын эсрэг тэмцэхэд байлдааны онгоц гэх мэт зэвсгийн тусламж үзүүлэхийг хүсжээ.
Зеленский “30 метрийн зайд биш, хэлэлцээрийн ширээний ард надтай суугаач. Би таныг хазахгүй. Юунаас нь айгаад байгаа юм бэ” хэмээн Путинд хандан ярьсан байна. Түүнчлэн Европын холбооны орнуудад хандаж “хэрэв та нарт агаарын хилийг хаах эрх мэдэл байхгүй бол надад онгоц өг. Хэрэв одоо л эсэргүүцэхгүй бол Латви, Литва, Эстони улсууд дараагийнх нь болно” гэжээ. Берлин дэх эх сурвалжийн мэдээлснээр Европын холбоо Украин руу 2700 пуужин илгээхээр төлөвлөж байна.
Харин Ерөнхийлөгч Путины зүгээс Украин дахь цэргийн ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд Москва хүмүүнлэгийн тусламжийн коридор байгуулахыг зөвшөөрч байна хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС, Al Jazeera