Европын хамгийн том цөмийн цахилгаан станц болох Запорожье цөмийн цахилгаан станцад гал гарсан тухай мэдээлэл цацагдаад байна. Цөмийн цахилгаан станцад гал гарсны зэрэгцээ Оросын арми тал бүрээс гал нээж довтолж байна гэсэн мэдээллийг өгөөд байсан юм. Хэрэв гал цөмийн цахилгаан станцын реакторын агуулах болон хөргөх системд хүрвэл хайлж, цацраг идэвхт бодис алдагдах эрсдэлтэй байсан.
Запорожье муж дахь цэрэг армийн бие бүрэлдэхүүнийг ахалж буй Олександр Старух “Цөмийн цахилгаан станцын даргатай холбогдсон. Түүний хэлснээр цөмийн реакторууд аюулгүй. Гал сургалтын барилга болон лабораторид гарсан” гэж Facebook сүлжээнд мэдээлжээ. Цөмийн цахилгаан станцын аюулгүй байдлыг бүрэн хангасан бөгөөд цацраг идэвхт бодисын хэмжээ нэмэгдээгүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цөмийн цахилгаан станцын үйл явдлыг ажиглаж байгаа бөгөөд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийтэй утсаар ярьжээ. Запорожье цөмийн цахилгаан станц нь Украины эрчим хүчний нийт хэрэглээний 25 хувийг хангадаг, дэлхийн хамгийн том 10 цөмийн станцын нэг юм.
Эх сурвалж: Al Jazeera, Reuters