ОХУ-ын цэргүүд Европын хамгийн том Запорожье цөмийн цахилгаан станцын орчимд гал нээж, ойролцоох сургалтын байр, лабораторийн барилгад гал гарсан. Оросын цэргүүд тал бүрээс довтолж байгаа тул гал сөнөөгчид гал унтраахаар орж чадахгүй байна гэж Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгдсэн юм. Үүний дараа цөмийн цахилгаан станцыг галд өртөх аюулаас хамгаалж, аюулгүй байдлыг хангасан гэж Запорожье муж дахь цэрэг армийн бие бүрэлдэхүүнийг ахалж буй Олександр Старух цахим сүлжээнд мэдээлээд байна.
Уг үйлдлийг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский хурцаар шүүмжлэн буруутгаж, Орос цөмийн терроризм үйлдлээ хэмээн мэдэгдлээ. Оросыг Чернобылийн атомын цахилгаан станцад болсон сүйрлийг давтахыг хүсэж байна хэмээн зэмлэн буруутгажээ. Түүний хэлснээр “Оросоос өөр цөмийн цахилгаан станцын байгууламж руу гал нээх ямар ч улс байхгүй. Улсын түүхэнд анх удаа ийм зүйл тохиолдлоо” гэдгийг онцлон Европын орнуудаас дахин тусламж хүссэн байна.
Володимир Зеленский: Европ сэрэх ёстой. Европын хамгийн том цөмийн цахилгаан станц галд өртлөө. Яг одоо Оросын танкууд цөмийн станцын байгууламжуудыг бүслээд байна. Үүнийг би Чернобылийн сүйрэл хэчнээн их зовлон шаналал дагуулж, ямар хэмжээний хохирол учруулсныг мэддэг Европ болон Украины бүх ард түмэнд зориулан хэлье. Орос улс уг гамшгийг зургаа дахин ихээр нэмж мэдрүүлэхийг хүсэж байна. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд анх удаа болж буй явдал. Украинд цөмийн 15 нэгж бий. Бид Оросын цэргүүдийг зогсоох ёстой. Хэрэв тэгэхгүй бол бид бүгд төдийгүй Европын төгсгөл ирнэ.
Эх сурвалж: The Guardian