Хойд Америкийн 10 том нислэгийн компанийн нэг ЖетБлюгийн нисгэгч согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан тул кабинаас гарган, цагдаагийн газарт саатуулсан байна. Уг нисгэгчийн цуснаас зөвшөөрөгдсөн хэмжээнээс дөрөв дахин их согтууруулах ундаа илэрчээ.
52 настай эрэгтэй нисгэгч Баффало Ниагара олон улсын нисэх буудлаас Форт Лаудердэль рүү нисэхээсээ өмнө 7-8 хундага согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгээ хүлээжээ.
Олон улсын нислэгийн стандартад нисгэгч нислэг үйлдэхээс өмнө найман цагийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог ба цусан дахь согтууруулах ундааны хэмжээ 0,04-өөс ихгүй байх ёстой. Согтуугаар онгоцны кабинд суусан нисгэгч ажлаасаа халагдсан бөгөөд холбооны шүүхийн шийдвэрээр ял шийтгэл сонсож болзошгүй ажээ.
Эх сурвалж: The Guardian