ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин улсад цэргийн тусгай ажиллагаа явуулсныг эсэргүүцсэн жагсаал Оросын Владивосток, Эрхүү зэрэг 50 гаруй хотод болжээ.
Хараат бус хүний эрхийн OVD-Info байгууллагын ажигласнаар Орос-Украины талууд гал нээж эхэлснээс хойш дайныг эсэргүүцсэн 7500 иргэнийг баривчлаад байна. Гэвч эдгээр баригдсан хүмүүсийн 4366 нь албан ёсоор бүртгэгджээ.
Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный хоёрдугаар сарын 24-ний өдөр эхэлсэн цэргийн ажиллагааг халдан түрэмгийлэх үйлдэл хэмээн эсэргүүцэж, ард иргэдийг эсэргүүцлээ илэрхийлэн жагсахыг уриалаад байгаа юм. Тус улсын Дотоод хэргийн яамнаас албан ёсоор зөвшөөрөл аваагүй жагсаал цуглаан хийх оролдлогыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ.
Украины дайны талаар хуурамч мэдээлэл тараасан тохиолдолд 15 хүртэл жилийн хорих ял оноох хуулийг Оросын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт баталсантай холбогдуулан хараат бус хүний эрхийн байгууллагууд ажиглалт хийхэд хүндрэлтэй болсон байна.
Ташрамд мэдээлэхэд Орос-Украины сөргөлдөөн эхэлснээс хойш 1,5 сая иргэн Украины нутаг дэвсгэрээс дүрвэжээ.
Эх сурвалж: The Guardian