Орос-Украины засгийн газрын төлөөлөгчдийн гуравдугаар ээлжийн яриа хэлэлцээ Даваа гарагийн орой Беларусийн нутагт өндөрлөжээ.
Гурван цаг үргэлжилсэн хэлэлцээ хүсэн хүлээж байсан үр дүнд хүрээгүйг талууд уулзалтын дараа мэдээлсэн байна.
Энэ удаагийн уулзалтаар өмнөх уулзалтаар тохиролцсон хүмүүнлэгийн коридорын асуудлыг дахин хэлэлцжээ. Өнгөрсөн хугацаанд Харьков, Мариуполь хотуудаас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх коридорыг хоёр удаа гаргасан ч талуудын үл ойлголцлын улмаас бүтэлгүйтсэн юм.
Тухайн хотууд дахь Украины цэргийн удирдлагууд дээрээсээ өгсөн тушаал зааврын дагуу ажиллахгүй байгааг Оросын тал буруутгажээ.
Харин Украины засгийн газар нүүлгэн шилжүүлэх үеэр гал зогсоох тохиролцоог Оросын тал зөрчсөн хэмээн буруутгаж байгаа.
Даваа гарагийн өглөө ОХУ-ын батлан хамгаалах яам Киев, Харьков, Мариуполь, Сумы дөрвөн хотод хүмүүнлэгийн коридор гаргах санал гаргасан ч Украины тал хүлээн зөвшөөрөөгүй юм. Учир нь Оросын тал иргэдийг зөвхөн ОХУ, Беларусийн нутаг руу нүүлгэн шилжүүлэх замыг санал болгожээ. Тухайлбал Киевээс гаргах иргэдийг Беларусь руу, бусад гурван хотоос гаргах иргэдийг ОХУ руу нүүлгэх замыг санал болгосон юм.
Талууд дөрөв дэх ээлжийн яриа хэлэлцээг ойрын үед Беларусийн нутагт зохион байгуулахаар тохиролцсон байна.
Эх сурвалж: ТАСС