Орос, Украины төлөөлөгчдийн гурав дахь шатны хэлэлцээр Беларусийн баруун хэсэгт Беловежийн ойд өчигдөр боллоо. Уулзалт гурван цаг орчим үргэлжилсэн бөгөөд Киевт мэдэгдсэнээр нөхцөл байдлыг дорвитой сайжруулах үр дүн хараахан гараагүй байна. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Михайло Подолякын хэлснээр хүмүүнлэгийн коридороор хангах асуудалд зөвхөн бага зэрэг эерэг өөрчлөлтүүд бий гэжээ.
ОХУ-ын төлөөлөгчдийн гишүүн, Төрийн Думын Олон улсын харилцааны хорооны тэргүүн Леонид Слуцкий уулзалтын дараа "Украинтай хийх хэлэлцээр үргэлжлэх болно, гэхдээ эцсийн үр дүнд шууд хүрэхгүй, тууштай шаргуу ажил хүлээж байна" гэж мэдэгдэв.
Гэхдээ Москва, Киевийн яриа хэлэлцээ зөвхөн эдгээр уулзалтаар хязгаарлагдахгүй. Турк улс зуучлагчаар оролцож Орос, Украины Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг 3 сарын 10-ны пүрэв гарагт Анталья хотноо зохион байгуулна.
ОХУ нь Украиныг Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж төвийг сахисан статустай улс болох, Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсын тусгаар тогтнол, Крымийг Оросынх гэж хүлээн зөвшөөрөхийг шаардсаар байна. Украины төлөөлөгчдийн гишүүд тус улсын статусын талаар хэлэлцэхэд бэлэн байгаа ч Крым, Донецк, Луганскийн асуудлаар тохиролцоонд хүрэх боломжгүй гэж мэдэгдэв.
Эх сурвалж: euronews.com
Бэлтгэсэн: Р.Буянхишиг