Цаг үеийн мэдээ

Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастиен Сүрүн, тэргүүн зөвлөх Жулиен Пауперт нар өнөөдөр МҮОХ-нд зочилж, ажил хэргийн яриа өрнүүллээ. Уулзалтад МҮОХ-г төлөөлөн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар байлцав.

Зуны XXXIII олимпын наадам 2024 онд Францын нийслэл Парис хотноо болно. Парисын олимпод Монголын тамирчид оролцоход Францын ЭСЯ-ны зүгээс бүхий л талаар дэмжин ажиллахаа ноён С.Сүрүн уулзалтын үеэр илэрхийлэв. Тухайлбал, манай тамирчдыг Францад хамтарсан бэлтгэл хийлгэх, илүү урт хугацааны виз олгох, бусад хот, мужуудтай шифийн харилцаа тогтоох зэрэг олон зүйл дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. 

МҮОХ-ны зүгээс Монголд төдийлэн өндөр хөгжөөгүй регби, бадминтон, брэйк бүжиг зэрэг төрлөөр Францын тамирчдаас туршлага судлахыг хүссэн бол Францын талаас Монголд өндөр түвшинд хөгжсөн чөлөөт бөх, бокс, жүдогийн төрлөөр хамтарсан бэлтгэл зохион байгуулах сонирхолтойгоо илэрхийлэв. 

МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг олимпын наадмын үеэр Монгол орныг дэлхийн улс орнуудад сурталчлах Mongolian House төслийг Элчин сайдад танилцуулж, Парисын олимпын үеэр уг төслийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Таны сурталчилгаа