Улсын арслан Ц.Содномдорж 2022.03.05-нд болсон Увс аймгийн Хяргас сумын харъяат, улсын начин Ц.Цэрэнхүүгийн нэрэмжит улс, аймгийн алдарт, цолтой бөхчүүдийн барилдаанд зодоглосон Улсын аварга Н.Батсуурь, Улсын гарьд М.Бадарч, Улсын харцага Н.Золбоо, аймгийн арслан Ц.Бямба-Отгон нарын дөрвөн бөхийг допингийн шинжилгээнд хамруулж өгөх хүсэлтийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад гаргажээ. Тухайн шинжилгээний зардлыг Улсын арслан Ц.Содномдорж хувиасаа гаргахаар санал гаргасан ба хүсэлтийг тухайн байгууллага хүлээн авсан ч Монголын Үндэсний Бөхийн холбоо зөвшөөрөөгүй байна.
Тухайн асуудлаар МҮБХ-ноос тодруулахад: "Хойшид хэн нэгэн бөхийн хувийн үзэмж, өөрийг нь давсан бөхөөс гомдлын дагуу допингийн шинжилгээг дураар нь авуулахгүй. Дүрэм, журмын дагуу явцын шинжилгээг авна" гэлээ.
Эргэн сануулахад 2021 оны 8-р сард болсон МЗХ-ны 100 жил, МҮБХ-ний 30 жилийн ойн барилдааны үеэр 3-ын даваанд Улсын арслан Ц.Содномдорж өөрийг нь давсан Улсын арслан Э.Оюунболдоос допингийн шинжилгээ авахуулж байсан юм.