Цаг үеийн мэдээ

Украины Мариуполь хот Оросын цэргүүдийн бүслэлтэд орсон бөгөөд тус хотын төрөх эмнэлэг бөмбөгдөлтөд өртсөн талаар эрх баригчид нь мэдээлжээ. Ерөнхийлөгч Володимир Зеленьский бөмбөгдөлтөд өртөж нурсан эмнэлгийн зургийг нийтэлж, нурангин доор хүмүүс дарагдсан тухай мэдэгдсэн байна. Мөн уг дайралтыг дайны гэмт хэрэгт тооцож, хатуу хариуцлага оногдуулахыг уриалжээ.

Орон нутгийн хэвлэлүүд эмнэлэгт байсан 20 орчим хүн гэмтэж шархадсаны дотор ажилтнууд болон өвчтөнүүд байгаа гэсэн мэдээлэл өгсөн байна. Донецк мужийн захиргааны дарга Павло Кириленко одоогоор нас барсан тохиолдол батлагдаагүй ба хүүхдүүд бэртэж гэмтсэн тухай мэдээлээгүй гэжээ.

Мариуполь хотын зөвлөл тэсрэх бөмбөгнөөс үүдэлтэй эмнэлэгт учирсан хохирлын дүр зураг, ойролцоох барилга байшин, машинууд шатсан байгааг харуулсан баримтуудыг дэлгэжээ. Тус хот гэрэл цахилгаангүй, ундны усгүй, хүнсний ханган нийлүүлэлтгүй байгаа тул иргэд харангадаж амиа алдаж байна гэсэн мэдээлэл ч байна.

Хотын дэд дарга Орлов Оросын халдан түрэмгийлэл эхэлснээс хойш 1170 орчим хүн амиа алдсан гэжээ. Харин НҮБ-ын мэдээллээр мөргөлдөөн эхэлснээс хойш Украин даяар 500 гаруй энгийн иргэн амиа алдсан гэх бүртгэл байгаа ч бодит байдал дээр илүү олон иргэн амиа алдсан байж болзошгүй юм.

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа