Цаг үеийн мэдээ

Орос, Украины Гадаад хэргийн сайд нар өчигдөр Туркийн Анталья хотод уулзлаа. Зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш анх удаа хоёр улсын сайд нар уулзаж, гал зогсоох тухай хэлэлцээрт хүрнэ гэж найдаж байсан ч төдийлөн үр дүнд хүрсэнгүй.

Украины Гадаад хэргийн сайд Дмитро Кулебо 24 цагийн турш гал зогсоох санал тавьсан ч Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров уг саналыг хүлээж аваагүй гэж мэдээлсэн байна. Энэ талаар Кулебо “уулзалт хүндхэн боллоо. Лавров улиг болсон юмаа л ярилаа. Гал зогсоох тухай ярилцсан ч үр дүн гарсангүй. Украин улс бууж өгөөгүй, өгөх ч үгүй гэдгийг дахин хэлмээр байна” хэмээн уулзалтын дараа болсон хэвлэлийн хурал дээр хэлжээ.

Харин Лавров “Украины талтай яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзахаас татгалзахгүй” гэжээ. Мөн тэрээр “хэрэв өрнөдийнхөн бидний аюулгүй байдлаа хамгаалах саналаас татгалзаагүй байсан бол Орос улс Украины хямралыг эхлүүлэхгүй байсан” гэж нэмж мэдэгдсэн байна. 

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өчигдөр болсон уулзалтад ихээхэн дэмжлэг үзүүлсэн бөгөөд мөргөлдөөн намжина гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байсан. Турк улс НАТО-ын гишүүн орон ч Орос, Украинтай харилцаа холбоо сайтай орнуудын нэг юм.

Эх сурвалж: Al Jazeera

Таны сурталчилгаа