Дэлхий дахинд коронавирусийн халдвараар 452 сая хүн халдварлаж, 6 сая гаруй хүн нас бараад байгаа талаар Жон Хопкинсын их сургууль мэдээлээд байгаа. Гэвч бодит байдал дээр коронавирусийн улмаас нас барсан иргэдийн тоо одоо мэдэгдэж байгаагаас гурав дахин их буюу 18 сая давсан байж болзошгүй гэжээ.
АНУ-ын Вашингтон их сургуулийн баг 191 улс оронд явуулсан судалгаагаар дээрх тоог гаргасан байна. Вирус ужиг өвчтэй хүмүүсийн биеийн байдлыг муутгаснаар вирусийн халдвараас улбаалсан гэж бүртгэгдээгүй ч уушгины үрэвсэл, зүрхний шигдээс зэргээр илүү олон хүн нас барсан гэж үзжээ. Судалгааг хийхдээ тухайн улс орон, бүс нутгийн захиргааны албан ёсны цахим хуудасны мэдээллийг үндэслэжээ.
Эрүүл мэндийн The Lancet сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар Латин Америк, Африкийн ядуу буурай орнуудад ковидын халдварын улмаас нас барсан иргэдийн мэдээллийг дутуу дулимаг боловсруулсан бол Америк зэрэг өндөр хөгжилтэй орнуудад харьцангуй бодит тоо хэмжээг бүртгэсэн байна.
Мэдэгдэж байгаагаасаа хавьгүй олон хүн ковидын улмаас нас барсан гэж үзэж буй улс орнуудад Боливи, Болгар, Эсватини, Умард Македониа, Лесото багтсан бол нас барагсдын тоог мэдэгдэж байгаатай нь харьцангуй ойр мэдээлсэн улс орнуудад Исланд, Австрали, Сингапур, Шинэ Зеланд, Тайвань багтжээ.
Эх сурвалж: ВВС