Цаг үеийн мэдээ

Умард Солонгос улс тив хоорондын баллистик шинэ пуужингийн туршилт хийсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены ажлын алба мэдээлжээ. Энэ нь Умардын эсрэг хориг арга хэмжээг дахин чангатгах хэмжээний ноцтой үйлдэл гэж үзсэн байна.

Пхеньян хоёрдугаар сарын 26 болон гуравдугаар сарын 4-ний өдрүүдэд пуужингийн туршилт хийсэн нь хиймэл дагуул сансарт хөөргөх энх тайван сансрын хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн туршилт гэж мэдэгдсэн. Гэвч АНУ-ын Засгийн газар эдгээр туршилтууд нь тив хооронд хүрэх чадамжтай баллистик буюу цөмийн хүчин чадалтай пуужингуудын туршилт байсан гэж үзжээ.

Тив хоорондын баллистик пуужин нь багадаа 5,500 км зайд харвах хүчин чадалтай. Энэ нь АНУ-ын нутаг дэвсгэрт хүрэх боломжтой гэсэн үг юм. 

Вашингтоны мэдээлж байгаагаар Пхеньян 2020 оны аравдугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрчдийн намын баярын жагсаалд анх удаа тив хоорондын баллистик пуужинг олон нийтэд харуулсан. Үүний дараа жил буюу 2021 онд батлан хамгаалах салбарын үзэсгэлэнд дахин дэлгэжээ. 

Америкаас гадна Японы Батлан хамгаалах яамнаас Умардын ойрын хугацаанд үйлдсэн туршилтуудыг энх тайван оршин тогтноход аюул заналхийлэл учруулсан, улсын аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлсэн үйлдэл тул хүлээн зөвшөөрөх аргагүй хэмээн шүүмжилсэн байна. 

Эх сурвалж: ВВС, The Guardian 

 

Таны сурталчилгаа