Цаг үеийн мэдээ

Саудын Араб улс нэг хоногийн дотор 81 хүнийг цаазаар авсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Энэ нь 2021 онд цаазаар авсан иргэдийн тооноос илүү байгаа ажээ. Өнгөрсөн жил тус улсад 69 иргэн цаазаар авахуулсан байна. 

Цаазаар авахуулсан этгээдүүдийн дотор Йемений долоо, Сирийн нэг иргэн байсан бөгөөд тэднийг терроризмын гэмт хэрэгт буруутгасан байна. Мөн Йемен дэх Хоути, Аль Кайда, Исламын улс бүлгийн террористууд бямба гарагт цаазаар авахуулжээ.  

Хүний эрхийн байгууллагууд нэг дор цаазаар авахуулсан этгээдүүдийн олонх нь Саудын Арабт явуулсан шударга бус шүүлтээр цаазын ял сонссон гэж үзээд байна. Шүүгчдийн бүрэлдэхүүн гэмт этгээдүүдийг халдлага зохион байгуулсан, аюулгүйн албаны ажилтнуудад халдсан, хүн хулгайлсан, хүчирхийлэл үйлдсэн, зэвсэг наймаалсан зэрэг хэргүүдэд буруутгажээ.  

Саудын Араб нь цаазын ялын хэмжээгээр дэлхийд тавдугаарт ордог. Хятад, Иран, Египет, Ирак улсууд цаазын ял гүйцэтгэлийн тоогоор дэлхийд тэргүүлдэг байна. 

Эх сурвалж: ВВС  

Таны сурталчилгаа