АНУ-ын аюулгүй байдлын тухай нууц баримт материалуудыг Викилийкс цахим хуудсанд байршуулсан, тус цахим сүлжээний үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Английн Белмарш хорих газарт гурван жил орчим хоригдож байна. Тэрээр Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд амьдарч байхдаа болзож эхэлсэн хуульч Стелла Морис гэх бүсгүйтэй энэ сарын 23-ны өдөр гэрлэхээр болжээ.
Тэд өнгөрсөн хугацаанд хоёр хүүхдийн эцэг эх болсон бөгөөд Белмаршийн хорих газарт болох хуриманд хоёр гэрч, хоёр харгалзагч гээд дөрвөн зочин оролцох юм байна. Хос хуримдаа гэрэл зурагчинг цагийн турш байлгах хүсэлт тавьсан ч хорих газраас шаардлагагүй гэж үзжээ.
Английн шилдэг дизайнер Вивиенне Вествүд сүйт бүсгүй Морисын хуримын даашинзын загварыг гарган урлаж байгаа ажээ. Уг дизайнер Ассанжийг тууштай дэмжигч гэдгээ ийнхүү илэрхийлэхийг хүссэн байна.
Жулиан Ассанж Лондон дахь Эквадорын элчин сайдын яамнаас орогнол хүсэж зургаан жил гаруй элчин сайдын яамны байранд амьдарч байгаад 2019 онд хорих газар руу ачигдсан. Түүний хэргийг АНУ-ын Засгийн газар шилжүүлэн авахаар заргалдаж байгаа юм.
Эх сурвалж: The Guardian