Цаг үеийн мэдээ

Орос улсад дайныг эсэргүүцэн жагссан хэдэн зуун жагсагчид ням гарагт баривчлагдсан байна. Дайныг эсэргүүцэгчид хууль хяналтын байгууллагынхны хатуу эсэргүүцэлтэй тулгарчээ.

Ням гарагийн орой гэхэд ОХУ-ын 36 хотод нийт 660 хүн баривчлагдсан байна. Үүнээс хойш энэ тоо нэмэгдсэн гэсэн мэдээлэлтэй байна.

ОХУ-д гадаадын төлөөлөгч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Левада центр төрийн бус судалгааны байгууллагын мэдээлснээр Украинд цэргийн хүч хэрэглэхийг Москвагийн оршин суугчдын 60 хувь нь дэмжихгүй эсэргүүцэж байна, харин жижиг хот, тосгоны хүн амын 70 хувь нь ерөнхийлөгч Путины шийдвэрийн дэмжиж байна гэжээ. 

Левада центрийн бие даасан социологчид энэ хандлагыг дараах байдлаар тайлбарлаж байна.

"Хэдэн жилийн турш хүн амын дунд ийм ухуулга хүчтэй явагдаж байна. Тэдэнд телевизээс өөр мэдээллийн эх сурвалж байхгүй тул Оросын удирдлагууд зөв зүйл хийсэн гэж тэд үзэж байна. Илүү мэдээлэлтэй, олон төрлийн эх сурвалжаас мэдээлэл авдаг хүмүүс нь айж, ичгэвтэр байдалд орж, сэтгэлийн хямралд өртөж байна " гэж тус төвийн шинжлэх ухааны захирал Лев Гудков хэлжээ.

Санкт-Петербургт хамгаалалтын албаныхан "Гостиный двор"-ын ойролцоо жагсагчдыг баривчилсан тухай "Новая газета"-гийн мэдээлснээр тэдний дунд гэрэл зурагчин байгаа ажээ.  Цагдаа нар хэвлэл мэдээллийн ажилтнуудад жагсагчидтай автобус руу 20 метрээс илүү ойртохгүй байхыг анхааруулсан байна.

Эх сурвалж: euronews.com

Бэлтгэсэн: Р.Буянхишиг

Таны сурталчилгаа