- ОХУ-ын эсрэг Европын холбооны дөрөв дэх удаагийн хоригийг өнөөдөр батлах төлөвтэй байна. Үүний нэг хэсэг нь Оросын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахыг хориглох явдал юм.
- Киевт өнөө өглөө дахин есөн давхар орон сууцны байшин галд өртлөө. Подольскийн дүүрэгт орших уг байранд гал гарч, нэг хүн шархадсан гэж Украины Онцгой байдлын албанаас мэдээллээ.
- Даваа гарагийн орой шууд нэвтрүүлгийн үеэр дайны эсрэг шууд жагсаал хийсэн Нэгдүгээр сувгийн редактор Мария Овсянниковаг Останкино дүүргийн цагдаагийн хэлтэст хүргэсэн байна. Нэгдүгээр суваг дээрх нэвтрүүлгийн бичлэгийг ухраан үзэх эрх хаагдсан байна.
- НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дэлхий дахинд цөмийн мөргөлдөөн гарах магадлал өндөр болсон гэж үзэж байна. "Өмнө нь төсөөлөөгүй байсан цөмийн мөргөлдөөний хэтийн төлөв одоо байж болзошгүй тал руугаа эргэлээ. Цөмийн байгууламжуудын аюулгүй байдлыг ч бас хадгалах ёстой" гэж Гутерриш хэлэв.
- АНУ, Япон улс ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авлаа.
- Польш, Чех, Словенийн засгийн газрын тэргүүн нар Украины Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзалт хийхээр мягмар гарагт Киевийг зорилоо гэж Польшийн Ерөнхий сайдын албан ёсны твиттер хуудсанд мэдээлжээ. Айлчлалын зорилго нь Украины бүрэн эрх, тусгаар тогтнолыг Европын холбоо ямар ч болзолгүйгээр дэмжиж байгааг бататгах явдал юм.
- Япон улс Украины дүрвэгсдэд тус улсад ажиллах боломжтой нэг жилийн хугацаатай виз олгоно гэж Японы Хууль зүйн сайд Ёшихиса Фурукава мэдэгдэв. Үүнээс гадна Япон улс Украинд нэмэлт хүмүүнлэгийн тусламж илгээхээр болжээ.
Эх сурвалж: euronews. com
Бэлтгэсэн: Р. Буянхишиг