Олон ястны өлгий нутаг Ховд аймгийн Булган сум буюу торгуудаас “Монреаль-1972” олимпод мөнгөн медаль хүртсэн ч допингоос болж медалиа хураалгасан, эмэгтэй жүдо бөхийг манай оронд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, нэрт дасгалжуулагч, гавьяат тамирчин Бахаавайн Буядаа агсан, самбо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Намсрайн Баатарболд зэрэг спортын алдартнууд төрөн гарсан. Энэ нутгаас одоо цагт их спортод тэр дундаа чөлөөт бөхийн төрлөөр өндөр амжилт үзүүлж, олимп, ДАШТ-ий хүрэл медаль хүртээд буй олон улсын хэмжээний мастер Бат-Очирын Болортуяа бүсгүй амжилт ялалтаар нутгийн зон олныхоо нэрийг өндөр өргөж явна. Тэрбээр 2022 он гараад ОХУ-ын Красноярк хотод болсон Иван Ярыгин, Туркийн Стамбулд зохиогдсон Яшар Догугийн Гранприд нэг сарын зайтай 53 кг-ын жинд торолгүй түрүүлж хоёр алтан медаль хүртэж “давхар цохилт” хийгээд байна. Стамбулын тэмцээний дараа Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо чансааг гаргахад Б.Болортуяа жиндээ дэлхийг чансааг тэргүүлэх болов.
Тэрбээр 1997 оны тавдугаар сарын 15-нд Ховд аймгийн Булган суманд төрсөн. Түүнийг дөрвөн настай байхад гэр бүлээрээ нийслэл Улаанбаатарт ирж суурьшсан юм. Есдүгээр ангийн сурагч охин 2011 онд “Буянт-Ухаа” спортын ордонд байрлах чөлөөт бөхийн дугуйланд 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт П.Отгонбаяр зэрэг ангийнхаа найзуудын хамт бөөндөө очиж бүртгүүлсэн. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан, чөлөөт бөхийн ОУХМ С.Мөнхсүх, “Стамбул-2011” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Оюунсүрэн нарын шавь болж чөлөөт бөхийн “А” үсгийг анх заалгасан билээ. Б.Оюунсүрэнгийн гавьяатын хувьд тухайн үед ид барилдаж байсан тул зодог тайлсныхаа дараа шавьтайгаа тулж ажилласан. Багадаа нэлээд эршүүд өссөн түүнийг аав нь чөлөөт бөхийн спортыг сонгоход их л нөлөөлсөн гэдэг. Дүү Баярмаа нь эгчийгээ дагаж яваад мөн л эл спортыг сонгож өсвөр үе, залуучуудын УАШТ болон бусад нэрэмжит тэмцээнүүдээс чамгүй олон медаль авсан.
Б.Болортуяагийн анхны томоохон амжилт нь бөхийн спортоор хичээллээд хоёр жилийн дараа тохиож 2013 оны өсвөр үеийн УАШТ-ий 49 кг-ын жинд хүрэл медаль хүртэв. Тэр жилээ “Монгол туургатан”-ы IV наадмаас дахин хүрэл медаль хүртэж, амжилтынх нь түүчээ болж түүнд бөхийн спортоор цаашид өндөр амжилт гаргах боломж бололцоо байгаа гэсэн урам зориг өгчээ. Дараа жил нь 49 кг-даа өсвөр үеийн улсын аварга болсноор түүний нэр чөлөөт бөхийн хүрээнийхэнд албан ёсоор танигдаж эхлэв. Залуучуудын УАШТ-д 2015 онд мөнгө, 2016 онд хүрэл, 2017 онд алтан медаль хүртжээ. Тэгвэл насанд хүрэгчдийн ангилалд 2016, 2017, 2018 онд УАШТ-ээс гурван жил дараалан хүрэл хүртсэн тэрбээр 2019 оны зургадугаар сард 55 кг-ын жинд Монгол Улсын аварга болж насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхтэй болов.
Үүнээс гурван сарын дараа Казахстаны Нур-Султаны ДАШТ-д анх удаа оролцохдоо гурав ялж, нэг ялагдаж хүрэл медалийн эзэн болж дэлхийд данстай бөх болсноо зарласан. Ингэхдээ хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн Бедиха Гуныг эцсийн мөчид шийдсэн мэхээ хийн 12:9-өөр ялж шагналын тавцанд зогссон. Дэлхийн дэвжээнээс шавь нар нь 10 дахь медалиа авчирах тэрхэн мөчид гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар баярласан сэтгэлээ илэрхийлж өөрийн алдарт бүжгээ “Барыс” ордонд хийж үзэгчдийг хэрхэн хөгжөөж байсан нь бидний санаанд одоо ч тодхон.
“Цол дагаж бяр” гэгчээр Б.Болортуяа олимпийн жил буюу 2020 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 53 кг-ын жинд зодоглохдоо дэлхийд үзүүрлэж байсан ОУХМ Э.Сумъяа, 23 хүртэлх насны дэлхийн медальт ОУХМ Г.Отгонжаргал нарын шилдгүүдийг ялж алтан медаль хүртэж олимпийн эрхийн тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Гэвч дэлхийн нийтээр тархсан коронавирусийн халдварын улмаас олимп нэг жилээр хойшлогдсон. Бүтэн жил тэмцээнгүй байсан манай тамирчид өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Казахстаны Алматыд болсон олимпийн эрхийн тэмцээнд хүч үзэв. Эмэгтэй бөхчүүд дөрвөн жинд эрхээ халаасалны нэг нь Б.Болортуяа. Тэрбээр хэсгийн эхний барилдаанд Азийн аваргын гурван түрүүтэй өөрөөс нь 12 насаар эгч, Казахстаны хашир туршлагатай бөх Татьяна Аманжолд барилдааны төгсгөлд шийдсэн мэхэнд 9:10-аар ялагдсан. Энэ барилдаан түүнд ямар ч үед өрсөлдөгчөө дутуу үнэлж болдоггүйг мэдрүүлсэн сургамжтай барилдаан болов. Улмаар тус тэмцээнд Тажикистаны Ватансултан Шахаршоева, Тайваний Мен Хуан Хиг цэвэр ялж олимпийн эрхээ авсан.
Гурван сарын дараа Токиогийн зуны олимпийн XXIX их наадамд Монголын чөлөөт бөхийн баг есөн тамирчнаа илгээсэн бөгөөд тэрбээр цорын ганц медалийг эх орондоо авчирсан билээ. Б.Болортуяа Токиогийн дэвжээнд 1/8 шигшээд Гуамын Ракаэла Мэри Акуиног цэвэр, шөвгийн наймд Пан Америкийн АШТ-ий нэг алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт Эквадорын Луиса Валвардег оноогоор цэвэр (13:3) ялж хагас шигшээд дэлхийн аварга Японы Майю Мүкадад 2:4-өөр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Камеруны Тиако Эссомбетэй барилдав. Бөхийн сонирхогчдын сэтгэл догдлуулсан, бас багагүй түгшүүлсэн энэхүү барилдаанд манай бөх өрсөлдөгчөө оноогоор цэвэр (14:4) ялснаар Монголын чөлөөт бөхийн тамирчдаас зуны олимпийн наадмаас 10 дахь, эмэгтэй бөхчүүдээс хоёр дахь медалийг есөн жилийн дараа авчирсан юм.
Олимпийн медальтнууд эх нутагтаа ирсний дараа олон ч арга хэмжээнд уригддаг, оролцдог жишгээр бэлтгэлээ багагүй цалгардуулж арваннэгдүгээр сард болсон Ослогийн ДАШТ-д эхний даваанд Туркийн Зейнеп Йетгильд шийдсэн мэхэнд нь цэвэр ялагдсан нь түүнд маш том сургамж болсон гэхэд хилсдэхгүй. 2022 он гараад нэгдүгээр сарын дундуур насанд хүрэгчдийн Азийн АШТ-д оролцох тамирчдыг сонгох дотоодын сорилгод шигшээд Б.Хуланд цэвэр ялагдаж бас л нэгийг эргэцүүлж бодогдуулахад хүргэв. Үүнээс 14 хоногийн дараа Красноярскийн Гранпри, өнгөрсөн сарын сүүлээр Яшар Догугийн дэлхийн чансааны оноо олгох хоёр том тэмцээнд түрүүлж бөхөд хайртай монголчуудаа баярлууллаа. Түүний хувьд Красноярскт түрүүлсэн амжилтаараа Дэлхийн бөхийн холбооны нэгдүгээр сарын шилдэг бөхөөр тодорсон бол Стамбулд аваргалснаараа 53 кг-ын жинд дэлхийн чансааны өнгөнд явна. Дэлхийн чансааг тэргүүлэгч торгууд бүсгүйд олон тэмцээний “Оргил өөд” гарах хүсэл тэмүүлэл дүүрэн, бодсон санасан зорилго их байгаа даа.
Тамирчин хүний амжилт гаргахад ачит багш нар, цуг бэлтгэл базаадаг тамирчдаас гадна ар талыг нь даадаг аав, ээж, хань ижил, ах эгч дүү, үргэлж тусалж дэмждэг хувь хүмүүс албан байгууллагуудыг дурдахгүй байж болохгүй. Түүнийг аавыг Г.Бат-Очир, ээжийг Б.Цэцэгээ гэдэг бөгөөд тэднийг дөрвөн сайхан охинтой өнөр өтгөн айл. Б.Болортуяагийн найз залуу нь мөн л чөлөөт бөхийн тамирчин, спортын мастер Лутбаярын Батбаяр гэдэг. Түүний дотны зөвлөгч бөгөөд насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальтай тамирчин. Тэд хамтдаа 2017 онд 23 хүртэлх насны ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож байсан. Б.Болортуяа 2019 оноос хойш “Цаст тайга” компанийн захирал Б.Учралтын удирдлага дор хүчний бэлтгэлээ хийж байгаа юм. Тамирчид зөвхөн чөлөөт бөхийн суурь бэлтгэлээс гадна хүчний бэлтгэлийг хослуулах нь амжилт гаргахад том түлхэц болдог.
Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо