Хамгийн хүнд байдал Мариуполь хотод үүссэн бөгөөд буудлага, бөмбөгдөлт зогсохгүй, энгийн иргэдийн дунд хохирогчдын тоо нэмэгдэж, нийтийн аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагаа доголдож, тэр дундаа оршуулгын газарт хүмүүсийг оршуулах хэвийн нөхцөл алга байна. Үүний үр дүнд сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд тэнд хэд хэдэн олноор нь булшилсан тохиолдол гарч байна.
Мариуполь хотын орлогч дарга Сергей Орлов ВВС-д утсаар өгсөн ярилцлагадаа “Оршуулгын газрууд нь хотоос гадна байдаг бөгөөд тэдгээр нь Оросын цэргүүдийн хяналтад байгаа учир бид хүмүүсийг тус тусад нь оршуулах боломжгүй байна” гэж мэдэгджээ.
Түүний хэлснээр тэд хот дотор байрлах хуучин оршуулгын газрыг дахин нээж оршуулах шаардлагатай болсон гэжээ.
Ням гарагт Мариуполь хотын зөвлөлийн мэдээлснээр нас барсан энгийн иргэдийн тоо 2100 давсан байна. Үүний зэрэгцээ Оросын армийн хүчтэй буудлага нь хүмүүнлэгийн коридор зохион байгуулах гэсэн оролдлогыг үл харгалзан хотоос олноор нүүлгэн шилжүүлэхэд саад болж байна.
Орлов олон нийтийн булшинд оршуулсан нийт нас барсан энгийн иргэдийн тоог нэрлэж чадахгүй, гэхдээ эдгээр булшны нэг булшинд 67 хүний цогцос оршуулсан гэж тодотгов. "Зарим нь бид таних боломжгүй байсан, зарим нь бичиг баримттай байсан" гэж тэр хэлэв.
Мөн Мариуполь хотоос баруун хойд зүгт 600 километрийн зайд орших, Киевийн ойролцоох Буча хотод орон нутгийн парламентын гишүүн Михайлина Скорык-Шкаривскаягийн хэлснээр сүмийн хажууд булш ухаж 60 гаруй хүнийг хамтад нь оршуулсан байна.
Талийгаачдыг авчирсан Ирпений эмнэлгийн эмч Андрей Левковский оршуулгын ёслолын бичлэгийг фэйсбүүктээ нийтэлжээ.
Эх сурвалж: BBC News russian
Бэлтгэсэн: Р.Буянхишиг