Цаг үеийн мэдээ

Япон улсын зүүн хойд хэсэгт лхагва гарагийн шөнө 7,3 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлтийн улмаас хоёр хүн амь эрсдэж, 100 орчим иргэн бэртэж гэмтсэн байна. Түүнчлэн газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдэх үед зүүн хойд бүс нутгийн хоёр сая орчим айл түр хугацаанд гэрэл цахилгаангүй болжээ.

Фукушима цөмийн цахилгаан станцаас цацраг идэвхт бодис алдагдсан том осол гарах шалтгаан болсон 11 жилийн өмнөх газар хөдлөлт өчигдрийнхтэй ижил 7,3 магнитудын хүчтэй байсан юм. Мөн голомт нь Фукушимагийн эргээс 57 км-т бүртгэгдсэн нь 11 жилийн өмнө 18,000 хүний амийг авсан газар хөдлөлтийн голомтоос холгүй байгаа ажээ.

Нийслэл Токио хотод өнгөрсөн шөнө газар хөдлөлтийн улмаас зарим барилга байшин ганхсан байна. Фукушима, Мияаги, Ямагата мужуудад газар хөдлөлтийн дараах түлхэлтүүд мэдрэгджээ. Японы эрх баригчдын тогтоосноор газар хөдлөлт 23:36 цагт бүртгэгдсэн байна. Цаг уурчид метр гаруй өндөр цунамийн давлагаа үүсэхийг сэрэмжлүүлсэн ч удалгүй сэрэмжлүүлгээ цуцалжээ.

Фукушима мужид газар хөдлөх үед айлуудын тавилга нурж олон хүн бэртсэн. Ерөнхий сайд Фумио Кишида Засгийн газар гарз хохирлын хэмжээг тогтоож, яаралтай тусламж үзүүлэхээр ажиллаж байгааг мэдээлжээ. 

Эх сурвалж: ВВС 

Таны сурталчилгаа