Цаг үеийн мэдээ

ХБНГУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар авсан 262,593 тохиолдол бүртгэгдэж, 269 иргэн нас баржээ. Гэвч энэ тоо нь зөвхөн шинжилгээ авах цэгүүдэд бүртгэгдсэн тоо бөгөөд бодит байдал дээр үүнээс ч олон хүн халдвар авсан гэж үзэж байна.

Ковид-19 цар тахал дэлхийн нийтэд анх бүртгэгдсэнээс хойш Германд хоногт хамгийн олон тохиолдол бүртгэгдээд байна. Халдварын тархалт нэмэгдэж буйтай зэрэгцэн энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд улсын хэд хэдэн хэсэгт сургууль, зоогийн газар, худалдааны газруудад албадан амны хаалт зүүх журмыг цуцлахаар бэлдэж байна. Өөрөөр хэлбэл халдвараас сэргийлсэн хөл хорионы дэглэмийн хугацаа зарим мужид энэ сарын 19-ний өдөр дуусгавар болж байгаа юм.

Эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгуудад хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өсөж байгаа ч нас барагсдын тоо 2020-2021 оны өвөлтэй харьцуулахад бага байна.

Халдварын тархалт ийнхүү өсөж байгаа нь омикрон болон түүний дэд хувилбар BA.2 вирусийн халдвар нэмэгдэж буйтай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн нийт халдварын бараг тал орчим хувь нь BA.2 вирусээр халдварлажээ.

ХБНГУ-ын хөрш Франц улсад ч мөн халдварын тархалт нэмэгдэж байгааг Эрүүл мэндийн сайд нь мэдэгдсэн байна. Энэ сарын сүүлч гэхэд тархалт оргил үедээ хүрнэ гэжээ.

Эх сурвалж: The Guardian

 

Таны сурталчилгаа