НҮБ-н Олон улсын шүүх нь (Олон улсын эрүүгийн шүүхтэй андуурч болохгүй) Гааг хотод байрладаг улс хоорондын маргааныг хэлэлцдэг шүүх юм.
Гаагийн Олон улсын шүүхээс Москвагийн геноцидийн конвенцыг түрэмгийллийн шалтаг болгон буруу тайлбарласан тухай Киевийн гомдлыг хэлэлцэх хүртэл түр зуурын арга хэмжээ болгон Украин дахь цэргийн ажиллагааг зогсоохыг ОХУ-д тушаалаа.
Түр зуурын арга хэмжээ авах тухай тушаалыг шүүхийн цахим хуудсанд нийтэлсэн байна. Шүүх хэргийг эцсийн шийдвэр гаргахаас өмнө Украин болон түүний иргэдэд нөхөж баршгүй хохирол учруулах бодит бөгөөд ойрын эрсдэл байгаа тул зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.
Шүүхийн шийдвэрээр Орос улс байлдааны ажиллагааг зогсоох ёстой. Нэмж дурдахад, Бүгд Найрамдах Донецк Ард Улс болон Бүгд Найрамдах Луганск Ард Улсууд нь ОХУ-аас цэргийн дэмжлэг хүссэн гэсэн ОХУ-ын НҮБ-д өгсөн мэдэгдлийг дурдаж, НҮБ-ын шүүх Украин улсад байрлаж байгаа ОХУ-ын удирдлага, хяналт, дэмжлэг дор байгаа бүх төрлийн цэргийн болон ээлжит бус зэвсэгт бүлэг, байгууллага, хувь хүмүүсийг цэргийн ажиллагаа явуулах аливаа алхмыг зогсоохыг шаардсан байна.
Орос, Украин хоёулаа энэ тохиолдолд маргааныг хурцатгах, шийдвэрлэхэд хүндрэл учруулах аливаа үйлдлээс татгалзах ёстой.
Уг түр зуурын арга хэмжээг 13 шүүгч дэмжиж, Орос, Хятадаас сонгогдсон хоёр шүүгч эсрэг санал өгсөн байна.
Эх сурвалж: BBC News Russian
Бэлтгэсэн: Р.Буянхишиг