Цаг үеийн мэдээ

АНУ-ын Техас мужид өнгөрсөн мягмар гарагт 13 настай хүүхэд пикап машин жолоодож байгаад ноцтой осол гаргажээ. Холбооны мөрдөгчид пүрэв гарагт хэвлэлийн хурал хийж ослын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэсэн байна. Пикап машин их сургуулийн гольфийн спортын тамирчдыг суулгаж явсан бага оврын автобусыг мөргөсний улмаас есөн хүн амь эрсэджээ.

Саутвестын их сургуулийн гольфийн зургаан тамирчин, дасгалжуулагч, пикап жолоодож байсан хүүхэд болон зорчигчийн суудал дээр байсан эрэгтэй амиа алдсан байна. Канадаас ирсэн хоёр оюутан ослын үеэр хүнд шархдан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэжээ.

Амиа алдсан тамирчдын дунд Мексик, Португалийн иргэд байжээ. Пикапын зорчигчийн суудал дээр 38 настай Хенрих Сименс гэгч байсныг олон нийтэд зарласан ч насанд хүрээгүй тул жолоочийн нэрийг олон нийтэд зарлаагүй байна.

Техас мужийн хуулиар 13 настай хүүхэд жолооны ард суух хориотой бөгөөд 14 настайгаас жолооны хичээлүүд орж эхэлдэг байна. Бага оврын автобусанд байсан зорчигчдын дийлэнх нь суудлын бүсээ зүүгээгүй байсан нь олон хүн амь эрсдэх шалтгаан болсон байж болзошгүй гэж мөрдөгчид үзжээ.

Эх сурвалж: ВВС, CNN

 

Таны сурталчилгаа