Бразилын Амазоны ширэнгэн ойд төөрсөн уугуул нутгийн хоёр хүүг эсэн мэнд олж, эмнэлэгт хүргэжээ. Хөвгүүд ширэнгэн ойд төөрөөд дөрвөн долоо хоног болсон байжээ.
Глаучо /8 настай/ болон Глейсон /6 настай/ Феррира нар Амазонас мужийн Маникор хотын ойролцоо ширэнгэн ойн захад бяцхан шувууд барихаар тоглож байгаад хоёрдугаар сарын 18-ны өдөр сураггүй алга болсон байна. Тэднийг энэ долоо хоногийн мягмар гарагт мод унагаж байсан иргэн Палмера тосгоноос 6 км зайд азаар олжээ.
Хөвгүүдийн нэг нь мод тайрах чимээг сонсож тусламж хүсэн дуудсан байна. Тэднийг олоход өлсөж ядарсан байдалтай газарт хэвтэж байсан бөгөөд арьс нь шалбарч зулгарсан байжээ. Хөвгүүд төөрснөөсөө хойш юу ч идээгүй, борооны ус ууж байсан тухайгаа эцэг эхдээ ярьсан байна.
Ах дүү хөвгүүд хүнс тэжээлийн хомстлоос болж хатангиршсан байгаа ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараа бүрэн эдгэрнэ гэж эмч нар мэдэгджээ.
Амазонд борооны улирал эхэлсэн тул ширэнгэн ойгоор алхаж, эрэл хайгуулын ажил явуулах хүндрэлтэй байсан тул нутгийн онц байдлын газраас хоёрдугаар сарын 24-ний өдөр хайгуулын ажлыг зогсоосон байна. Гэвч тосгоны зуу зуун оршин суугч сайн дураараа хөвгүүдийг хайсаар байжээ.
Эх сурвалж: ВВС