Украинд тулалдаж байгаа Оросын хүчин Мариуполь хотыг бууж өгөхийг шаардсан байна. Тус хотод хүмүүнлэгийн хямрал дээд цэгтээ хүрсэн тул Москвагийн цагаар даваа гарагийн өглөө 05:00, манай цагаар 10:00 цаг гэхэд бууж өгвөл гал зогсоож, аюулгүй байдлыг нь хангана гэж Оросын хошууч генерал Михаил Мизинцев мэдэгджээ.
Зэвсгээ хаяж гар өргөсөн хүн бүрийг өршөөнө гэж генерал Мизинцев мэдэгдсэн ч Украины тал бууж өгөхөөс тэр даруй татгалзсан хариу өгсөн байна. Украины шадар сайд Ирина Верешчук бууж өгч, зэвсгээ хаях тухай ямар ч яриа байхгүй, найман хуудас захидалд цагаа үрж байснаас хүмүүнлэгийн хонгил нээх хэрэгтэй гэжээ.
Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Мариуполь хотоос олон зуун мянган иргэн дүрвэн гарсан ч 400,000 иргэн хоол хүнс, ундны ус, гэрэл цахилгаангүй гацаж үлдээд байна. Москвагийн цагаар даваа гарагийн өглөө 10:00 цагт хотын зүүн болон баруун хэсэгт хүмүүнлэгийн тусламж хүргэх зам нээгдэнэ гэж генерал Мизинцев мэдээлжээ.
Эх сурвалж: The Guardian