Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын Жилин мужийн хоёр дахь том хот Жилиний 4,5 сая иргэн даваа гарагаас эхлэн гурав хоногийн хугацаанд хөл хорионы дэглэмд шилжиж, бүх нийтээр шинжилгээнд хамрагдахаар боллоо. Ковид-19 коронавирус анх бүртгэгдсэнээс хойш БНХАУ-д халдварын тархалт хамгийн дээд түвшиндээ хүрсний улмаас сая сая иргэн хөл хорионд ороод байна. 

Ковидын омикрон хувилбар Хятадын хэд хэдэн хотод илэрсэн бөгөөд ням гарагт улсын хэмжээнд халдварын 4,000 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 130 мянга орчим иргэн халдвар аваад байна. 

БНАСАУ-тай хиллэдэг Жилин мужийн нийслэл Чанчун хотод ч мөн өнгөрсөн бямба гарагаас хойш хорио цээрийн дэглэмийг чангаруулжээ. Гуравдугаар сарын 11-ний өдрөөс Чанчун хотын 9 сая хүн ам хүнс худалдаж авахаар хоёр хоногт нэг удаа гэрээсээ гарах эрхтэй байсан бол хорио цээрийг чангатгаснаар эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон улаан шугаманд цар тахалтай тэмцэж байгаа алба хаагчдаас бусад иргэд гэрээсээ гарах хориотой болжээ. 

Халдварын шинэ давлагаа эхэлснээс хойш тус улсад хоёр хүн нас барж, нийт нас барагсдын тоо 4,638 болсон байна. Нас барсан иргэд хоёулаа Жилин мужид бүртгэгджээ.

Харин Хятадын өмнөд хэсэгт хөл хорионы дэглэмийг сулруулсан байна. Технологийн төв Шэньзэн хотын 17,5 сая иргэн долоо хоног хөл хоригдсоны эцэст өнөөдрөөс нийтийн тээврийн хэрэгсэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж, бизнес эрхлэгчдийн ажил эхэлжээ. 

Эх сурвалж: Al Jazeera

 

Таны сурталчилгаа