ОХУ-ын Батлан хамгаалах яам Мариуполь хотоос хүмүүнлэгийн коридор нээснээ мэдэгдэж, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд эхлээд Украины цэргийнхэнд зэвсгээ хаяж, хотыг орхихыг санал болгожээ.
Москва НҮБ, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийг энэ ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлж, хяналт тавихыг хүссэн. Украины цэргийн албан хаагчид энгийн иргэдийг бамбай болгон ашиглан аврахад садаа болж байна гэж Оросын тал мэдэгдэв.
ОХУ-ын Үндэсний батлан хамгаалах удирдлагын төвийн дарга Михаил Мизинцев “Бид Украины Зэвсэгт хүчний анги, орон нутгийн хамгаалалтын батальон, гадаадын хөлсний цэргүүдийг байлдааны ажиллагааг зогсоож, зэвсгээ тавьж, Украины талтай тохиролцсон хүмүүнлэгийн коридороор Киевийн хяналтад байгаа нутаг дэвсгэр рүү гарч явахыг уриалж байна" гэж зарлажээ.
Харин Украины тал үүнийг эсэргүүцэж Оросын тал украин цэргүүдийг бууж өгсний дараа энгийн иргэдийг Мариуполь хотоос нүүлгэх коридорыг нээнэ гэж шахалтад оруулах санаатай байна гэж мэдэгдээд байна. Украины дэд сайд Ирина Верещук хэлэхдээ: “Буу зэвсгээ буулгаж Мариуполийг өгөх тухай яриа огт байх ёсгүй. Бид энэ тухай Оросын талд мэдэгдсэн” гэжээ. Мөн тэрээр бид НҮБ болон Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгт мэдэгдсэн. Одоогоор хариу үйлдлийг хүлээж байна. Энэ бол ухамсартай зальдаж удирдлагадаа оруулах гэсэн санаа, хүмүүсийг жинхэнэ утгаар барьцаалж байгаа хэрэг юм" гэжээ.
Эх сурвалж: euronews.com, pravda.com.ua
Бэлтгэсэн: Р.Буянхишиг