Цаг үеийн мэдээ

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна. Тэрээр: "Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, саяхан болсон жагсаалтай холбоотойгоор 15 багц шаардлага болон бичгээр ирүүлсэн 270 гаруй шаардлагын дагуу ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой асуудлыг өнөөдөр хэлэлцсэн. Иргэдийн тавьсан саналуудын:

74 хувь нь үнийн өсөлт

14 хувь нь төсвийн үргүй зардлыг бууруулах

12 хувь нь цалин нэмэхтэй холбоотой шаардлага байна.

Засгийн газрын хуралдаанаар иргэдийн саналыг хэлэлцэж үзээд, шаардлагуудын 60 орчим хувь нь үнийн өсөлттэй холбоотой учир ойрын үед шийдэх боломжтой гэж үзлээ. Засгийн газрын хуралдаанаар импортоор оруулж ирдэг цагаа будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн татварын 5 хувийг түр хугацаанд тэглэх саналыг УИХ-д оруулахаар болж байна. Энэ бол түр хугацаанд хэрэгжих буюу он дуустал хэрэгжинэ. Түүнчлэн дотоодын үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдээ НӨАТ-аас чөлөөлөх саналыг мөн УИХ-д оруулах нь зөв гэж үзсэн. Украин бол ургамлын тосны гол нийлүүлэгч улс. Тиймээс цаашид хомстол үүсэхээс сэргийлж ААН-үүдээ дэмжин ажиллаж байна. Мөн дотоодын хүнсний үйлдвэрүүдийг дэмжихэд зориулж нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож 10 их наядын зээлийн схемийн дагуу хүүгийн татаасыг төрөөс олгох, үүнийг төсвийн тодотголд нэмэлтээр шингээж өгөхөөр шийдвэрлэлээ. Уг зээлийг хүнсний ногоо, улаан буудай, тосны ургамал тарих, хүнсний агуулах барих иргэдэд олгоно. Харин зээлийн хүүгийн татаасыг төрөөс хариуцна гэсэн үг"гэв. 

Таны сурталчилгаа