Налайх дүүргийн 307-р цэцэрлэгт менингоккокт халдварын нэг тохиолдол бүртгэгджээ. Халдвар авсан хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд одоогоор Налайх дүүргийн нэг цэцэрлэг, 2 сургуулийн үйл ажиллагааг цахимд шилжүүлээд байна.
Гурван нас 7 сартай эрэгтэй хүүхэд Нарны элч эрүүл мэндийн төвд маш өндөр халууралтай өөрсдийн унаагаар ирж үзүүлсэн. Өрхийн эмч анхан шатны үзлэгээр менингоккокт өвчний шижигтэй тохиолдол илэрсэн байна гэж үзэж өрхийн эрүүл мэндийн төвийн машинаар дүүргийн халдвартын тасагт тээвэрлэн хүргэсэн. ХӨСҮТ-ийн тандалтын албанд 10:20 цагт мэдээлж, лабораторид шинжилгээг өгсөн. Нэгдүгээр сарын 29-ний 17:20 цагт шинжилгээний хариу эерэг гарч, менингоккокт болох нь тогтоогдсон. Дүүрэг Онцгой байдлын комисс болон Шуурхай штабыг яаралтай хуралдуулж, хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Эрүүл мэндийн төвөөс тандалтын багийг шуурхай гаргаж, ойрын болон холын хавьтлуудыг судалсан. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол нэг байна.
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль:
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ рүү зургаан шинжилгээ явуулсан. Өнөө өглөөний байдлаар шинжилгээний хариунууд бүгд сөрөг гарсан. Тусгаарлалтад байгаа 6 хүнийг гаргахаар болсон. Хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа. Ирэх дээ 4-5 см-ын тууралттай, өндөр халуунтай ийм хүүхэд ирсэн. Шөнөжин ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах тасаг, эрчимт эмчилгээний тасгийн эмч нар эмчилгээг хийж хоносон.
Тухайн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн хүүхэд энэ сарын 28-ны шөнөөс халуурч эхэлсэн. Ээж нь тухайн шөнөдөө халуун бууруулах эмчилгээ хийсэн ч өглөө босоход биеэр нь их хэмжээний тууралт гарч улмаар өрхийн эмнэлэгтээ очсон. Хүүхэд хордлого их, биеийн байдал маш хүнд эмнэлэгт хүргэгдсэн. Бид тохиолдол батлагдсан даруйд эмч нарын шуурхай баг гарсан.
Тандалтаар тухайн хүүхдийн явж байсан цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг цуглуулж тандалт шинжилгээ хийсэн. Хүүхдийн ам бүл найм. Гэрийнхнээс мөн шинжилгээ авсан. Шаардлагатай тохиолдолд хөл хорио тогтооно. Одоогоор хязгаарлалт хийх шийдвэр гараагүй. Тандалтын зургаан шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой 25 байгууллагын 41 анги танхимыг ариутгаж, бүрэн халдваргүйжүүлсэн. Дүүргийн хэмжээнд зохион байгуулах олон нийтийн үйл ажиллагааг тав хоног хориглосон.
МЕНИНГОКОККТ ХАЛДВАР гэж юу вэ?
Менингококкт халдвар нь арьсан дээр өвөрмөц цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай цочмог халдварт өвчин юм.
Менингококкт нь гадаад орчинд амьдрах чадвараар маш сул нян юм. Тасалгааны дулаанд 1-3 цаг орчим, нарны гэрэлд 2-8 цаг амьдардаг. Өвчин үүсгэгч нян нь 36-37 градусын дулаанд үрждэг.
ХАЛДВАРЛАЛТ
Менингококкын менингит, менингококкын нян тээгчид нь халдварын эх үүсвэр болдог.
36-37 градус нь нянгийн өсөлтөнд хамгийн таатай нөхцөл байдаг болохоор хамар залгиурт үржээд ханиах, найтаах үед гадагш агаарт тархана. Агаар дуслын замаар халдварладаг.
Биеийн дархлаа сул учир цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүд ихэвчилэн өвчилдөг. Судалгаанаас үзвэл манай улсад энэ халдвар авсан хүмүүсийн 84% нь 0-14 насныхан байдаг.
Ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах вэ?
-Гэнэт 38-39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах
-Биеэр цусархаг тууралт гарах
-Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
-Олон удаа бөөлжих
-Хоолонд дургүй болох, ядарч сульдах
-Татах
-Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох
-Нэг хүртэлх насны хүүхдэд зулай төмбийж чинэрэх.
Хүнд явцтай үед 12 цагийн дотор цусархаг тууралт хөл, гараас эхэлж гарна. Нэн хүнд үед 4-6 цагийн дотор хөл, гуя, нуруу, цээж, нүүрээр цусархаг тууралт гарч, богино хугацаанд хүндэрдэг өвчин юм.
Хэрвээ шалтгаан тодорхойгүй өндөр халуурвал яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.
ХҮНДРЭЛ
-Менингококцемийн үед халдвар хордлогын шок
-Тархины цочмог хавангийн хүндрэл хамгийн элбэг бөгөөд үхэлд хүргэдэг хүндрэлүүд юм.
Эрт тохиолдох хүндрэлүүдэд
-Халдвар хордлогын шок
-Тархины цочмог хаван
-Бөөрний дээд булчирхайн цочмрог дутагдал
-Бөөрний цочмог дутагдал
Хожуу тохиолдох хүндрэлд
-Тархины дотоод даралт ихсэх
-Эпилепси
-Дотоод шүүрлийн булчирхайн эмгэг орно.