Хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахтай холбогдуулан ХЭҮК байр сууриа илэрхийллээ.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид:
-Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хүйтний улиралд морин уралдаан зохион байгуулахгүй байх 2019 оны 57-р тогтоолоо хүчингүй болгохоо шийдвэрлэсэн тухайгаа танилцуулсан. Ийнхүү 2019 оны 59 дүгээр тогтоолыг хүчингүй болгохын хамт энэхүү эрхийг аймаг нийслэлийн удирдлагуудад шилжүүлж байна аа гэдгээ мэдээлсэн. Мөн 3 сарын 1-нээс эхлээд морин уралдааныг зохион байгуулж болно гэдэг ийм мэдээллийг өглөө. Үүнтэй холбоотойгоор ХЭҮК-оос дараах байр суурийг илэрхийлж байна.
Нэгдүгээрт, Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүрэг ялангуяа хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих, энэ талаар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Монгол Улсын 1990 онд нэгдэн орсон Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлд байгаа. Аливаа хувийн хэвшлийн, улсын, төрийн байгууллагаас хүүхдийн талаар явуулах үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангана аа гэдгийг заадаг. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16.11-д тусгайлан хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэж заадаг.
Хоёрдугаарт, хүүхэд оролцож байгаа бол морин уралдааныг аль ч улиралд зохион байгуулсан аюулгүй байдлыг хангаж эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд зөвхөн морин уралдаан, сунгаанд 52 унаач хүүхэд амь насаа алдсан. Энэ нь Монгол Улс нэгдэн орсон хүүхдийн эрхийн конвенц. Монгол Улсын Үндсэн хууль Хүүхдийн эрхийн тухай хууль Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээчихсэн хүүхдийн өмнө хүлээж байгаа үүргээ бүрэн биелүүлж чадахгүй байгааг илэрхийлж байна. Энэ талаар бид нар эрх зүйн тогтолцооных нь хувьд хариу арга хэмжээг үр дүнтэй авах шаардлагатайг харуулж байна.
Гуравдугаарт, сүүлийн жилүүдэд хурдан морины уралдааны шинж байдал өөрчлөгдөж байна. Уламжлалт хэв маягаасаа илүү өргөн цар хүрээтэй боллоо. Морины үүлдэр угсаа баяжсан байна өөрчлөгдсөн байна. Арга барил дэг заншил нь өөрчлөгдөж. Зөвхөн зун биш өвөл хавар бас зохион байгуулагдах боллоо. Энэ хэрээрээ хүүхдийн амь нас эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Зөвхөн эрүүл мэнд амь наснаас гадна хүүхдийн хөгжих, сурах, боловсрох эрхэд шууд сөрөг нөлөө үзүүлж байгаа болохыг олон судалгаанууд харуулдаг. Ялангуяа энэ өвөл, хаврын хурдан морины уралдаанд хүүхэд оролцох юм бол сургууль завсардаж байна, хичээлээ тасалж байна, чөлөө авч байна, хоцрогдлоо нөхөж чадахгүйд хүрч байна.
Түүнээс гадна энэ өвөл хаврын улиралд буюу хүйтний улиралд яагаад хориглох болсон шалтгаан нь халтиргаа, гулгаа, цастай, хөлдүү газарт уралдах нь хүүхдийн амь нас эрүүл мэндэд шууд сөрөг үр дагавар үзүүлдэг, эрсдэл учруулдаг. Тиймээс 2019 онд хориглосон байдаг. Хурдан морины уралдаан бол өөрөө Юнескоийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан. Монгол Улсын төрт ёсны түүхэн уламжлал өв соёл мөн. Гэхдээ өвөл хаврын уралдаан бол энэ түүхэн уламжлал өв соёл гэдэгт нь бол багтахгүй ээ. Энэ хурдан морины хаврын уралдааны түүхийг нь үзэхээр сүүлийн жилүүдэд л илүү эрчимтэй зохион байгуулж ирсэн заншлын хувьд бол ойрын зайд бас уралдуулдаг байсан ийм түүх байна.
ЗГ-ын 2019 оны 59 дүгээр тогтоол бол уралдаанч хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд, хэвийн сурч боловсрох эрхийг хамгаалсан томоохон ахиц дэвшил байсан. Энэхүү тогтоолоо хүчингүй болгосноор хүүхдийн ашиг сонирхлыг дээдлэх зарчмаасаа ухралт хийж байна. Монгол Улсын ЗГ-аас өчигдрийн гаргасан шийдвэрээ эргэн харж хүүхдэд ээлтэй шийдвэр гаргах нь зүйтэй.
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан:
-2022 онд НХХ-ын сайдын тушаал баталсан байдаг. Хүүхдийн эрхэлж болохгүй хөдөлмөр, эрхэлж болохгүй ажлын байрны жагсаалт баталсан байгаа. Энэ дээр 11 сарын 1-нээс 5 сарын 1-нийг хүртэлх хугацаанд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон. Энэ шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. ЗГ-ын хуралдаанаас гарсан шийдвэр албажиж гараагүй гэж ойлгосон. Албажиж гарсны ард нөхцөл байдал тодорхой болох байх.