Цаг үеийн мэдээ

Өөрийнхөө болон байгууллагынхаа аюулгүй байдлыг анхан шатны түвшинд шалгаж хэвшихийг уриалж байна. "Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, аж ахуй нэгж, байгууллага, хуулийн этгээд, иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, аюулгүй амьдрах хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайдын тушаалаар "Олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж"-ийг Онцгой байдлын ерөнхий газраас батлуулжээ. 

Энэ хүрээнд Онцгой байдлын байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд өөрсдийн аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлээ тооцоолох хялбаршуулсан асуумж бүхий хяналтын хуудсыг боловсруулж, цахим хэлбэрт шилжүүлэн Онцгой байдлын ерөнхий газрын http://quiz.belenbai.mn/ сайтад байршуулсан байна.

Хяналтын хуудсууд нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага гамшгийн бэлэн байдлаа шалгах хяналтын хуудас, өрхийн гамшгийн бэлэн байдлыг шалгах "Аюулгүй өрх" хяналтын хуудас, иргэний гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг шалгах асуумж гэсэн гурван төрөлтэй бөгөөд хяналтын хуудсуудыг ашигласнаар та өөрийн болон байгууллагынхаа аюулгүй байдлыг анхан шатны түвшинд үнэлж, цаашид шаардлагатай арга хэмжээг тодорхойлон хэрэгжүүлэх боломжтой болсон юм. 

Онцгой байдлын байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэдийг дээрх хяналтын хуудсаар болзошгүй гамшиг, аюул ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах зорилгоор өөрсдийн болон орчныхоо аюулгүй байдлын хяналтыг сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшихийг уриалж байна.

Таны сурталчилгаа