“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу Цэргийн төв эмнэлгийн Урьдчилан сэргийлэх үзлэгийн байрыг Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн байр болгон өөрчилж Эрүүл мэндийг дэмжих төвийг байгууллаа. Ингэснээр Цэргийн төв эмнэлгийнхэн 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн бие бүрэлдэхүүн, анги салбаруудад бүртгэлтэй, чөлөөнд гарсан ахмад настан, дайчид, БЗД-ийн IX хорооны 18 наснаас дээш бүх иргэдэд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг СУУРИН болон ЯВУУЛЫН АМБУЛАТОРИ хэлбэрээр хийнэ.
Өвдсөн нэг хүний эмчилгээнд 11.2-12.3 сая төгрөг зарцуулж байсан бол эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэн бүрийг жилд нэг удаа бүрэн хамруулснаар нэг хүнд 150 мянган төгрөг зарцуулж, эдийн засгийн хувьд хэмнэлт бий болох тооцооллыг хийжээ.