Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Сэтгэл судлалын үндэсний төв болон Блайнд кэйр компанитай хамтран “Blindcare” аппликэйшнээр дамжуулан цахим сэтгэл зүйн үйлчилгээг нэвтрүүллээ.
Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдөр Олон улсын гэр бүлийн өдөр тохиодог. Энэхүү өдрийг угтаж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийг дэмжих чиглэлээр олон нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь “Blindcare” аппликэйшнээр дамжуулан цахим сэтгэл зүйн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх арга хэмжээ юм.
“Blindcare” аппликэйшнээр дамжуулан нийслэл, орон нутаг болон алслагдмал бүсүүдэд амьдардаг гэр бүл, насанд хүрэгчид цахим текстэн зөвлөгөөг авах боломжтой. Ингэснээр сэтгэл зүйн анхан шатны тусламж, зөвлөгөө шаардлагатай байгаа хүн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран мэргэжлийн сэтгэл зүйчээс үйлчилгээ авна. Цахим сэтгэл зүйн зүйн үйлчилгээг авахын тулд гар утсан дээрээ “Blindcare аппликэйшн”-ыг татаж аваад, зөвлөгөө авахыг хүссэн үедээ сэтгэл зүйчтэй харилцаж болох юм.
Тус аппликэйшинд байрлах 30 гаруй сэтгэл зүйн сэдвээс сонгон анхан шатны зөвлөгөө авч болох бөгөөд тухайн иргэний мэдээллийг нууцыг чандлан хадгалж, гадагш тараахгүй онцлогтой. Одоогийн байдлаар 18 мянган тогтмол хандагчтай болсон бөгөөд 5000 гаруй хүн зөвлөгөө аваад байгаа юм байна. Үүнээс сэтгэл гутрал, хайр дурлал, ганцаардал, хосын харилцаа зэрэг сэдвээр хамгийн их зөвлөгөө авч байгаа юм байна.
Хэрэв танд сэтгэл зүйн тусламж, зөвлөгөө хэрэгтэй бол дараах холбоосоор орж blindcare аппликэйшнээ ухаалаг утсандаа суулгаад ашиглаарай.
Аппликэйшн татах холбоос: http://onelink.to/h52xyg