Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулан Гандантэгчэнлин хийдийн удирдлага өнөөдөр /2024.12.26/ уулзалт зохион байгууллаа.
2024 оны 12 сарын 29-ны түүхэн өдрийн хүрээн дэх энэ уулзалт нь үндэсний ухамсар, үнэт зүйлсийг хөгжүүлэх, өв соёлыг хадгалж ирээдүй хойч үедээ өвлүүлэх тал дээр чухал санал санаачилгууд гаргаснаараа онцлог байв. Оролцогчдын дэвшүүлсэн санаачилгууд нь улс үндэстний бахархал, эв нэгдлийг бататгах, залуу үеийн оюун санааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахад чиглэж байлаа.
Онцлох санал, санаачилгууд
1. МУГЖ, уртын дуучин Б.Мөнхбаатар – Богд хаант улсын төрийн дууллыг хүндэтгэн дуулах санаачилга
• Ц.Мөнхбаатар Богд хаант улсын төрийн дуулал “Зуун лангийн жороо луус” урлаг соёлын бүх төрлийн төлөөллийг хамтран оролцохыг уриалж, монголчуудын эв нэгдэл, үндэсний ухамсрыг сэргээх бэлгэдлийг тодотгож ярив.
2. МУУГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од – Эх оронч үзлийг хөгжмийн бүтээлээр дамжуулах
• Т.Сэр-Од тусгаар тогтнол, эх орон, гэр бүл, энэрэл хайрын утга санааг шингээсэн хөгжмийн бүтээлүүдээрээ үндэсний ухамсрыг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулж буйгаа хуваалцаж, залуусыг урам зоригтой, эх оронч сэтгэлтэй болгохыг зорьж буйгаа онцоллоо.
3. Очир Дара брэндийг үүсгэн байгуулагч Б.Цэцэг – Үндэсний өв соёлыг агуулсан тоглоом бүтээх санаачилга
• Б.Цэцэг хүүхэд залуучуудад зориулсан үндэсний соёл, түүхийг агуулсан боловсролын тоглоом бүтээж, түүгээрээ дамжуулан ирээдүйн үеийнхэнд үндэсний ухамсар, өв соёлоо ойлгуулах зорилгоо танилцуулав.
4. УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэн – Соёмбыг танин мэдүүлэх ажил
• Т.Сэргэлэн Монгол улсын тусгаар тогтнол, эв нэгдэл, үндэсний бахархлын бэлгэдэл соёмбо тэмдгийн гүн гүнзгий утга агуулгыг хүүхэд, залууст сурталчлах, уралдаан зарлах, монголчуудын үндэсний бэлгэдлийн үнэ цэнийг өсвөр үеийнхэнд ойлгуулах, ажлын ач холбогдлыг онцолжээ.
5. O Couture үүсгэн байгуулагч, загвар өмсөгч Э.Энхболд – Үндэсний хувцсаа сурталчлах уриалга
• Э.Энхболд монгол үндэсний хувцасны гоо зүй, утга учрыг орчин цагийн загвартай хослуулан түгээн дэлгэрүүлэх санаачилга гаргаж, монголчуудыг үндэсний хувцсаа өдөр тутам тэр тусмаа үндэсний түүхэн бахархалт өдөр өмсөхийг уриалсан нь оролцогчдын дэмжлэгийг хүлээсэн юм.
Энэхүү уулзалт нь үндэсний үнэт зүйлсийг сэргээн хөгжүүлэх, өв соёлоо хамгаалах, залуу үедээ өвлүүлэх, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэн түгээх тодорхой үйл ажиллагаануудыг тодорхойлох тал дээр үр дүнтэй болж өндөрлөв.
Үндэсний хувцас, соёмбо, урлагийн бүтээл, боловсролын тоглоом зэрэг янз бүрийн хэлбэрээр залуу үеийнхэнд эх оронч үзэл, үндэсний бахархлыг түгээх нэгдсэн зорилго дэвшүүлсэн.
Залуучуудын оролцоог нэмэгдүүлж, тэдний оюун санааны хөгжилд туслах бодит санаачилгуудыг хэрэгжүүлэхээр шийдсэн.
Энэ уулзалт нь монголчуудын үндэсний эв нэгдэл, оюун санааны сэргэлтэд чухал түлхэц болсон, шинэлэг санаачилгуудыг тодорхойлсон чухал арга хэмжээ боллоо.
Гандантэгчэнлин Хийд