Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.26/ хуралдаан 15 цаг 11 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тус байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг /дэлгэрэнгүй мэдээллийг эндээс/  хэлэлцээд дөрвөн нэр дэвшигч тус бүрээр санал хураасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. 

Иймд энэ өдрийн хуралдаанаар “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг дахин хэлэлцсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Нэр дэвших тухай хүсэлт хүлээн авах хугацааг 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг хүртэл сунгах горимын санал гаргалаа. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Үргэлжлүүлэн “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Тогтоолын төсөлд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд хүлээн авч, нэр дэвшигчийг бүртгэхээр тусгасан байв.

Таны сурталчилгаа