Коронавирусийн халдварын дараах сэргээн засах эмчилгээний талаар УХТЭ-ийн сургалт, гадаад харилцааны албаны дарга, АУ-ны доктор, сэргээн заслын их эмч Д.Цэнджав мэдээлэл өглөө. Тэрээр: “Дэлхий нийтэд “ковид 19”-ын халдвар авсны дараа эргэж хэвийн амьдралд орох асуудал нийт судлаач, эрдэмтдийн анхаарлын төвд байна. “Ковид 19”-ын дараах нөхөн сэргээн засах эмчилгээний асуудал нэн чухал болоод байна. Эрдэмтэн, судлаачид коронавирусийн дараах нөхцөл байдал гэсэн нэр томъёог гаргаж ирсэн. Энэ нь халдвар авснаас хойш гурван сарын дотор ямар нэгэн шалтгаангүйгээр ядрах, хөдөлмөрийн чадамж буурах, ханиалгах, хөлрөх гэх мэт шинжийг ковидын дараах нөхцөл байдал гэж нэрлээд байна.
Ковидын дараах нөхцөл байдал нь архаг суурь өвчтэй, эмгэгтэй хүмүүст илүү нөлөөлж байгаа. Мөн ковидын халдвар авахаас өмнө тухайн хүнд хавсарсан эмгэг, суурь өвчин байж болзошгүй. Өвчний үе шат хүндрээд, дараагийн үе шатандаа оношлогдсон тохиолдолд эмчилгээ, нөхөн сэргээхэд илүү хүндрэлтэй болдог.
Ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ нь эмийн болон физикийн хүчин зүйлийн нөлөөтэйгөөр хөдөлгөөнд тулгуурлан хувь хүнд тохирсон эмчилгээг боловсруулдаг. Коронавирусийн халдвар нь амьсгалын эрхтэн тогтолцоог гэмтээж, мэдрэл болон хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд нөлөөлж байдаг. Нийт коронавирус халдвар туссан хүмүүсийн 30-40 хувь нь ковидын дараах шинж тэмдэг илэрч байна” гэв.