Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэв.
Өнгөрсөн хоёрдугаар сард цахимаар болсон энэ тэмцээнд 18 улсын 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөн байна.
Нийлбэр дүнгээр олон улсын их мастер Нармандахын Мөнхшүр Дэлхийн хошой аварга болж, олон улсын их мастер Тамирын Тэнүүн гутгаар байр эзэлсэн бол олон улсын мастер Дүүрэнбаярын Хүслэн “Бага нас”-ны ангилалд түрүүлжээ.
Монгол Улсын баг тамирчид 90 медалиас 10 алт, 12 мөнгө, 11 хүрэл, нийт 33 медаль хүртэн, 21,435 оноогоор тэргүүлж, түүхэн амжилт үзүүлсэн байна. Тэмцээнд оролцсон 19 тамирчны тав нь олон улсын мастер цолны болзол хангажээ.
Ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн шигшээ баг олон улсын хэмжээний 60 тэмцээнээс 101 цом, 1,115 медаль хүртээд байна.
Ташрамд дурдахад Монгол Улсын баг тамирчид 2021 онд болсон олон улсын математик, физик, хими, биологийн олимпиадаас 15 медаль хүртэж, математикийн олимпиадад дэлхийн 107 орноос 11 дүгээр байранд орж, түүхэн амжилт гаргасан юм.