Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, найман асуудал хэлэлцэхээр тогтов.
Хуралдааны эхэнд Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн хийлээ.
Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Дэлгэрсайхан хийв. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2021.03.19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2022.01.14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Ажлын хэсэг 2022.06.13-ны өдөр хуралдаж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн бөгөөд нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн нэг санал, хуулийн үйлчлэх хугацааны талаарх гаргасан нэг санал тус тус гаргасныг ажлын хэсгийн гишүүдийн олонх нь дэмжсэн болно гэлээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж, хариулт авсны дараа Ажлын хэсгээс боловсрон зарчмын зүйлтэй саналаар санал хураалт явуулав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-д тус тус заасны дагуу дараах зарчмын зөрүүтэй саналын томьёололд тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувийн саналаар дэмжигдлээ.
Үүнд, төслийн 15.1.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулж, 15.1.2, 15.1.3 дахь заалт болгов.
“15.1.2.улсын ахлах өмгөөлөгч, улсын өмгөөлөгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шүүгч, прокурорын албан тушаалын цалинтай дүйцүүлэх зарчмыг баримтлан цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг батлах;
15.1.3.хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын удирдах, гүйцэтгэх болон туслах албан тушаал, улсын өмгөөлөгчийн туслахын албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох.”
28.1.”05 дугаар сарын 01-ний өдрөөс гэснийг “10 дугаар сарын 01-ний өдрөөс“ гэж өөрчлөх.”
Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр товлоод байсан боловч салбарын сайд, бусад удирдах албан тушаалтан хуралдаанд ирээгүйн улмаас уг асуудлыг хойшлуулахаар тогтов.
Үргэлжлүүлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг сонсов.
Итгэлийг ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4.б-д заасан чиг үүргийн дагуу Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комисс Улсын Их Хуралд хүргүүлж байна. Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2021 онд явуулсан судалгаа хяналт үнэлгээ шинжилгээ, Комиссын гишүүний санаачилгаар болон иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр явуулсан хяналт шалгалт, төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, хөндлөнгийн бусад судалгаа, эх сурвалжид үндэслэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг дараах зургаан сэдвийн хүрээнд боловсрууллаа гэв. Үүнд:
Нэгдүгээр бүлэг. КОВИД-19 цар тахлын хүний эрх, эрх чөлөөний сургамж
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлийг “КОВИД-19 цар тахал ба хүний эрх” сэдвээр боловсруулж, Улсын Их Хуралд хүргүүлсэн билээ. Энэ удаагийн илтгэлд 2021 оны 04 дүгээр сараас хойш бий болсон нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхийн хамт КОВИД-19 цар тахлыг туулж яваа Монгол Улсын туршлагаас хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах талаар авч үлдвэл зохих сургамжийг дүгнэн илтгэж байна. Коронавируст халдвараас хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээний үр дүн, дархлаажуулалттай холбоотой хүний эрхийн анхаарах асуудал, КОВИД-19 цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих арга хэмжээний үр дүн, иргэний, улс төрийн эрхийг хязгаарласан байдал, танхимын боловсролыг хязгаарлахын үр дагавар зэрэг хүний эрхийн үндсэн асуудлын зэрэгцээ нийтийн эрүүл мэндийн гамшигт байдлыг удирдах байгууллагуудын тогтолцоо, гамшгийн үед олон нийттэй харилцах, мэдээлэл түгээх төрийн үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээг танилцууллаа. Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн ээлжит сонгуулийн үйл явцад мониторинг хийсэн бөгөөд товч үр дүнг мөн танилцуулж байна.
Хоёрдугаар бүлэг. Жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан улс төр, эдийн засаг, төрийн алба, хөдөлмөр эрхлэлт, соёл, боловсрол, эрүүл мэнд, гэр бүлийн хүрээн дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийн баталгааны хэрэгжилт, нөхцөл байдал, асуудлыг тоймлолоо.
Энэ сэдвийн хүрээнд улс төрийн албан тушаалд эмэгтэйчүүдийн төлөөлөл, тэдний шийдвэр гаргах түвшин дэх оролцооны талаар хийсэн бодлогын судалгаа, ялангуяа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч эмэгтэйчүүдийг оролцуулан хийсэн судалгааны дүн болон төрийн захиргааны албан хаагчдын ажлын байрны бэлгийн дарамтын талаарх мэдлэг, хандлага, тархалтын байдалд хийсэн сүүлийн хоёр жилийн байдлаар харьцуулсан судалгааны дүн, түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссоос Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүн, холбогдох байгууллагуудын мэдээлэлд тус тус үндэслэн энэхүү бүлгийг боловсруулав.
Гуравдугаар бүлэг. Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал
Энэхүү илтгэлийн хөдөлмөрлөх эрхийн бүлгийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн салбар дахь хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн тархалт, хэлбэр, шалтгаан, гомдол шийдвэрлэх боломжийг тандан мэдэх зорилгоор гүйцэтгэсэн хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн талаарх ойлголт, мэдлэг, нөхцөл байдлын талаарх судалгааны дүн, Монгол Улсад хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах чиглэлээр конвенц, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хийсэн хүүхдийн хөдөлмөрийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох чанарын судалгааны дүнг тус тус танилцуулна. Дээрх судалгаанд үндэслэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлж, илэрч буй хөдөлмөрлөх эрхийн зөрчлийн түгээмэл хэлбэр, шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, зөрчлийг таслан зогсоох, бодлогын болон хэрэгжилтийн түвшинд шийдвэрлэх саналыг томьёолж тусгав.
Дөрөвдүгээр бүлэг. Гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрх
Хүний эрхийн Үндэсний Комисс 2021 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ-тай хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийг хангах үндсэн бүтэц болох хамтарсан багууд, нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байрны үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийсэн юм. Уг хяналт, үнэлгээнд 21 аймгийн 40 хамтарсан баг, 14 түр хамгаалах байр, 7 нэг цэгийн үйлчилгээний төвийг хамруулсан бөгөөд үнэлгээний товч үр дүнг гэр бүлийн хохирогчийг хамгаалахад тулгамдсан асуудлын талаарх дүгнэлтийн хамт илтгэлийн дөрөвдүгээр бүлэгт тусгалаа.
Тавдугаар бүлэг. Цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ
Энэхүү бүлэгт цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны өнөөгийн нөхцөл байдал, илэрч буй хэлбэр, түүний шалтгаан нөхцөлийг эрүүгийн хэргийн материал, социологийн судалгааны үр дүнд үндэслэн тодорхойлж, зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн байгууллагуудаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дүрмийн бус харьцааг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор хэрэгжүүлсэн арга хэмжээнд дүн шинжилгээ хийн, хугацаат цэргийн алба хаагчийн бусад эрх, эрх чөлөөний нөхцөл байдлыг судалж, гарч буй өөрчлөлтийг харьцуулан дүгнэж, цаашид авах арга хэмжээний талаарх санал боловсруулав.
Зургаадугаар бүлэг. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээ
Хүний эрхийн Үндэсний Комисс 2021 онд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид нөлөөлж буй хүчин зүйлүүд болох эмнэлгийн барилга байгууламж, орчин нөхцөл, эмч, эрүүл мэндийн ажилтны ажлын ачаалал зэрэг асуудлыг үнэлсэн юм. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Илтгэлийн зургаадугаар бүлэгт эдгээр хяналт шинжилгээ, үнэлгээ, шалгалтын үр дүнг хураангуйлан танилцууллаа. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9, 17 дугаар зүйл, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг үндэслэн Улсын Их Хурлаас холбогдох шийдвэрийг гаргуулахаар 30 саналыг хүргүүлж байна гэв.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ш.Адьшаа, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаар санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар хийв.
Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтаатараар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, М.Оюунчимэг, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 17 дугаар тогтоолоор байгуулан ажиллуулсан юм.
Ажлын хэсэг дэд ажлын хэсгийн мэргэжил, арга зүйн туслалцааг авч ажиллалаа. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэснээс хойш ажлын хэсгээс хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулах, энэ төрлийн бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзан санал бодол солилцох, хуулийн төслийн зүйл, хэсэг, заалт нэг бүр Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуультай нийцсэн эсэхийг болон төсөл доторх зүйл хоорондын нийцэлийг нэгбүрчлэн авч хэлэлцэх замаар нийт 7 удаа хуралдсан болно.
Үүний үр дүнд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэлээ. Ажлын хэсгийн зүгээс дараах асуудлуудыг өөрчлөх саналтай байна. Үүнд
1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийг 5 жилийн хугацаатай олгож, шаардлага ханган ажиллаж байвал цаашид сунгуулах боломжтой гэсэн төслийн зохицуулалтыг өөрчилж, гэрчилгээг хугацаагүй олгох;
2.Мөнгөн зээлийн зуучлагчтай холбоотой зохицуулалтыг төслөөс бүхэлд нь хасах;
3.Барьцаалан зээлдүүлэх газрын “байршилд тавигдах шаардлага, стандартыг холбогдох байгууллага батлах болон аймаг, нийслэлд 2 салбартай, эсхүл 2 ба түүнээс дээш аймагт салбартай бол” гэсэн байршилтай холбоотой зохицуулалтыг хасах;
4.Төлбөрийн чадвараас хэтэрсэн зээл олгох зохицуулалтыг хасах;
5.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсийг барьцаанд тавихаар ирснийг Цагдаагийн байгууллагын цахим сантай холбогдсон мэдээллийн сангаасаа мэдэх боломжтой байхаар өөрчлөх;
6.Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн төрлийн бизнес эрхлэгчдийн төлөөллийг нэмж оруулах. Мөн тухайн зөвлөлийн гаргасан шийдвэрийг олон нийтэд ил тод, шуурхай мэдээлдэг байх зохицуулалтыг нэмж тусгах;
7.Энэ төрлийн бизнес эрхлэгчдэд аль болох хүндрэл, дарамт учруулахгүй байх үүднээс төслийн зарим зүйл, заалтыг төслөөс хасах болон өөрчлөлт хийх;
8.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх мөнгөн хөрөнгийн хэмжээнээс хамаарч хаана бүртгүүлэх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тавих хяналтыг илүү тодорхой болгон өөрчлөх;
9.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагаандаа хэрэглэх зээлийн хүүгийн дээд хэмжээг ердийн зээлд адилтгахаар Иргэний хуулийн холбогдох заалтыг хөндсөн зохицуулалтыг хасах нь зүйтэй гэж үзлээ.
10.Хуулийн төслийг өргөн мэдүүлснээс хойш Улсын Их Хурлаас өмнө батлагдсан хуулиудтай төслийн холбогдох зохицуулалтыг нийцүүлэх;
11.Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэх хангуулах үүднээс хуулийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэх болно.
Ингээд зарчмын зөрүүтэй 28 саналын томьёолол, найруулгын шинжтэй 3 санал тус бүрд нь санал хураалт явуулж, олонхын саналаар дэмжигдлээ. Мөн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Цогтбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Үргэлжлүүлэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хийсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн төсөлд халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолж эхэлнэ гэж заасан байна. Мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байх үед хөөн хэлэлцэх хугацааг зогсох нь хүний эрх зүйн байдлыг дордуулна. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа талаар тодруулав. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өгсөн тайлбартаа, тодорхой төрлийн гэмт хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж байгаа зохицуулалтыг энэ удаагийн хуулиар оруулж ирж байгаа юм. Хөөн хэлэлцэх хугацаа зогсох, тасрах гэдэг хоёр ойлголтыг ялгамжтай хуульчилсан. Ялангуяа албан тушаалын гэмт хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацааг зогсоодог ийм зохицуулалтыг оруулж ирэх, тодорхой халдашгүй бүрэн эрхтэй хүмүүсийн халдашгүй бүрэн эрхийн хугацаа дуусгавар болмогц үргэлжлүүлэн шалгадаг, ял шийтгэл гарцаагүй байх энэ зарчмыг энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр оруулж ирсэн. Улсын Их Хурлаас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хөөн хэлэлцэх хугацааг тоолох аргачлалыг өөрчилсөн гэв.
Ингээд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувийн саналаар дэмжигдлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тэрбээр, хуулийн төсөлд дараах асуудлыг тусгасан болохыг онцлов. Үүнд:
Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход бодитой дэмжлэг үзүүлсэн, хохирлоо нөхөн төлсөн, эсхүл хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг үйл баримтын болон эрх зүйн маргаан бүхий ердийн журмаар хянан шийдвэрлэх хэргээс ялгамжтайгаар хөнгөрүүлж тогтоох, мөрдөн шалгах болон шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг илүү хялбарчлах шаардлагатай талаар хуулийг хэрэгжүүлэгч байгууллагууд саналыг үндэслэн Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох өөрчлөлтийг хийсэн. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах, хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэх зорилтыг хангах үүднээс мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдыг дуудан ирүүлэх болон албадан ирүүлэх эрхийг нэмсэн.
Эрүүгийн хэргийн нотлох баримт бүрдүүлэх ажиллагааны 60-70 хувийг мэдүүлэг авах ажиллагаа эзэлдэг бөгөөд хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх ялангуяа цар тахал, онц байдал зарласан үед иргэдээс мэдүүлэг авахад хүндрэл учирч улмаар хэргийн шалгалтын ажиллагаа удааширч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шуурхай байх зорилт хангагдахгүй байгаатай холбогдуулан зайлшгүй тохиолдолд мөрдөгч техник технологийн дэвшлийг ашиглан цахим хэлбэрээр хэргийн оролцогч нараас мэдүүлэг авах, авсан мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх зохицуулалтыг тусгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг шуурхай хангахад мөрдөгч, прокурор, шүүхийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байж хангах боломж бүрдэнэ. Энэ нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд шуурхай шийдвэр гаргах гаргах нөхцөлийг бүрдүүлэх, хууль зүйн чухал учир холбогдолтой. Ийм учраас “тодорхой үйл ажиллагаа явуулах”, “албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх”, “хязгаарлалт тогтоох, цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвийн хэрэгжүүлэхэд 24 цагаар жижүүрлэн ажиллах шүүхийн зохион байгуулалтын талаар хуульчлан тогтоосон. Мөн Яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэх нь хуулийн этгээдийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг саад учруулахад хүргэж, улмаар энэ нь хуулийн этгээд, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг зөрчихөд хүргэдэг тул эдгээрийн эрх ашгийг хамгаалах үүднээс эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааг нэн тэргүүнд зогсоох, саад учруулахгүй байх зохицуулалтыг тусгалаа гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувийн саналаар дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тэрбээр, хуулийн төсөлд дараах асуудлыг тусгасан болно гэв.
1.2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2022 оны тавдугаар сарын байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн нийт 2333 ялтныг хяналтын системд бүртгэж, хяналтад авснаас 894 ялтны ялын хугацаа дуусаж, суллагдаж 291 ялтны ялыг хорих ялаар сольж, 1148 ялтны ял эдлэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т “Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно” гэж заасан нь ялтныг бүртгэл, хяналтад аваагүй, шүүхээс заасан хориглолт, хязгаарлалт, зорчих чиглэлийг тогтоон ял эдэлж эхлээгүй байхад ялын хугацааг тооцож байна.
Түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоолд хүчин төгөлдөр болсон өдрийг гүйцэтгэх хуудсанд дурдаагүйгээс ял эдэлсэн хугацааг харилцан адилгүй тоолж, ялтанд ял завших боломж бий болгож байх тул зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтны ял эдэлсэн хугацааг тоолохдоо шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс бус ялтанд цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс эхэлж тоолох зохицуулалтыг тусгалаа.
2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 257 дугаар зүйлийн 257.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага мөн.” гэж заасан бөгөөд өнөөдрийн байдлаар цэргийн цолтой офицер 1595, ахлагч 1496, энгийн 73 нийт 3164 цэргийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 278 дугаар зүйлийн 278.2-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь цэргийн цол, дүрэмт хувцастай байна” гэж заасны дагуу тус байгууллагын алба хаагчид цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэж байгаа хэдий ч бусад цэргийн байгууллагын алба хаагчийн нэгэн адил Цэргийн албаны тухай хуулиар олгогдсон эрхийг эдэлж чадахгүй орхигдож эрх зүйн байдал дордох, алба хаагчийн эрх ашиг, алдагдах нөхцөл байдал үүсээд байна.
Иймд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал дахь дотоод аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг, оролцоо бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төрийн цэргийн байгуулалд хамааруулах зохицуулалтыг тусгалаа.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 270.7-д “Цагдан хорих төв, байр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дэргэдэх мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн болон согтуурах, мансуурах донтох эмгэгтэй этгээдийг албадан эмчлэх байгууллагын ажилтныг хорих байгууллагын алба хаагчтай адилтган үзнэ.” гэж заасан. Энэ нь баривчлах төв болон баривчлах байранд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад хамаарахгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын хуульд заасан эрх зүйн байдал харилцан адилгүй, ялгамжтай байдлаар зохицуулсан байх тул баривчлах төв болон байранд ажиллаж буй алба хаагчдыг хорих байгууллагын алба хаагчтай адилтган үзэх өөрчлөлтийг тусгав.
4.Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба болон ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно.” гэж заасан бөгөөд цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагч цэргийн албанд 10-аас доошгүй жил ажилласан бол цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр, харин 25-аас доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр цэргийн бүрэн тэтгэвэр тогтоолгох харилцааг зохицуулж байна.
Шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тасралтгүй ажилласан боловч эрх зүйн шинэчлэлээс хамааран 2002-2018 онд ажилласан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцогдохгүй, уг хугацаанд оруулан тооцох хууль, эрх зүйн зохицуулалт байхгүйгээс тэдний эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж байна.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд шийдвэр гүйцэтгэгчийн энгийнээр ажилласан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд тооцох зохицуулалтыг тусгалаа.
Хуулийн төсөл батлагдсанаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын эрх зүйн байдал, нийгмийн эдийн засгийн баталгаа хангагдахаас гадна зорчих эрхийг хязгаарлах ял бодитой хэрэгжих боломж нөхцөл бүрдэнэ гэв.
Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.