Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлахдаа улс орныхоо улс төрийн тогтолцоог парламентын засаглалтай байна гэж заасан. Гэвч гаднын судлаачид Монгол Улсыг “хагас парламентын засаглалтай” хэмээн дүгнэдэг. Улс төрийн тогтолцооны хагас эрх мэдэл парламентад ноогддог бол нөгөө хагас нь Ерөнхийлөгчид ногддог гэж үздэг байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүх ард түмний санал асуулгаар сонгодог байдал нь Ерөнхийлөгчийг гүйцэтгэх засаглалын ажилд оролцоход нөлөөлдөг бөгөөд эндээс эрх мэдлийн хуваарилалт хоорондын зөрчилдөөн үүсдэг юм.
Тиймээс улс төрийн намууд яригдаж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болох хувилбарыг багтаагаад байна. 2019 онд хийгдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үеэр энэ асуудал хүчтэй яригдсан ч санал өгсөн гишүүдийн тоо хүрээгүй юм. Мөн тухайн үеийн Ерөнхийлөгчөөс ирүүлсэн санал болон шахалтаас үүдэн энэ заалт батлагдаж чадаагүй үлдсэн байдаг. Тиймээс энэ асуудлыг дахин санал болгон оруулж, ард түмнээр хэлэлцүүлэхээр бэлтгэжээ.