Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг бодлогын баримт бичигт Монгол Улсын Засгийн газар эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх талаар зорилт, арга хэмжээг тусгасан.

Монгол Улсын Засгийн газар дээр дурдсан бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд Оюуны өмчийн болон Цахимын багц хуулийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаар 2021 онд батлуулсан. 

Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын чуулганы хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай, Зөвшөөрлийн тухай, Үндэсний их баяр наадмын тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг тус яамнаас боловсруулсан нийт 7 хуулийн төслийг тус тус батлууллаа.

Түүнчлэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Дампуурлын тухай буюу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүхийн бус журмаар өр барагдуулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл, Зарим төрлийн хяналт шалгалтыг түр зогсоох тухай хуулийн төсөл зэрэг хувийн эрх зүйн 4, нийтийн эрх зүйн 14, нийт 18  хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа бөгөөд уг хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2022 оны намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Харин Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр дэмжиж шийдвэрлэсэн бол Дотоод хэргийн их сургуулийн тухай хуулийн төсөл болон Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна.

Мөн Иргэний болон захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл, Зөрчлийн болон эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тухай хуулийн төсөл, Галт, зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг нийтийн эрх зүйн 20 хуулийн төсөл, Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай болон Төлбөрт тааварт, бооцоот тоглоом болон эд мөнгөний хонжворт сугалааны тухай анхдагч хуулийн төсөл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг хувийн эрх зүйн нийт 13 хуулийн төслийг тус яам дээр боловсруулж байна.