Цаг үеийн мэдээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.25/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 62 гишүүний 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18.3-т "Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд тухайн Байнгын хороонд харьяалагддаг нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн ирцтэй бол түүнийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ" хэмээн заасан байдгийг дурдаад, гишүүдийн ирц дээрх шаардлагыг хангаж байгааг онцолсон.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн зохих зүйл, хэсэгт нийцээгүй гэж үзэн хүчингүй болгож, эцэслэн шийдвэрлэсэн. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар олон нийтийн байр суурь янз бүр байна. Нөгөө талаар Үндсэн хууль, бусад хуулиар Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэрийн зөв бурууг шүүх эрхтэй субъект байхгүй. Энэ нөхцөлд Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар цэцийн эцсийн шийдвэрийг Үндсэн хуулийн дагуу хэрэгжүүлэх, цаашид ийм маргаантай нөхцөл байдлыг давтуулахгүй байх зохицуулалтыг хийх нь түүний Үндсэн хуулийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлд зааснаар төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэх онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль болон холбогдох хуульд заасан журмын дагуу тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрх Монгол Улсын Их Хуралд хадгалагддаг. Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоол эрх зүй, хуулийн хэрэглээний практикт өмнө нь гарч байгаагүй нөхцөл байдал үүсгэсэн. Мөн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэх, өөрчлөлтийн уг эхийг нотлон баталгаажуулах, Үндсэн хуульд кодификац хийх албан ёсны эрх болгон хадгалах, хэвлэн нийтлэхэд хуулийн зарим зохицуулалт хийх шаардлага гарсан тул дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд холбогдох хуулийн төслүүдийг УИХ 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан. Эдгээр хуулиудыг баримтлан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн нэг дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Н.Энхболд миний бие 62 гишүүний хамтаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулж, өргөн мэдүүллээ.

Үндсэн хууль нь тухайн улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлж, төрийн байгууллын үндсийг тогтоосон эв нэгдлийн гэрээ. улс төр - эрх зүйн тулгуур баримт бичиг болдог билээ. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ", Хорьдугаар зүйлд "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална." гэсэн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, парламентын ардчиллыг бэхжүүлэх зорилгод нийцүүлэн энэ хуулийн төслийг боловсруулсан. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг ийнхүү эцэслэн баталгаажуулах нь Үндсэн хууль, бусад хуулийг зөвхөн Монгол Улсын Их Хурал баталж байх бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа явдал гэж хууль санаачлагч үзэж байна гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу төслийг өндөр ирц, босготойгоор хэлэлцэж байгааг онцлоод, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл нь 1992 оны Үндсэн хуулийн анхны үзэл санааны дагуу УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч болох асуудлыг нэг мөр шийдэх зорилготой гэдгийг тодотгосон юм. Түүнчлэн тэрбээр цаашид цэцийн эцсийн шийдвэрүүдэд удаа дараа дурдсан УИХ-ын сонгуулийн тогтолцоо болон УИХ-ын нийт гишүүний тооны асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Эцэст нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй буюу 92.9 хувь нь дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.й

Таны сурталчилгаа