Цаг үеийн мэдээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2022.08.25/  чуулганы нэгдсэн хуралдааны дараа дахин хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 62 гишүүний 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд тухайн Байнгын хороонд харьяалагддаг нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн ирцтэй байгааг тодотгосон.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18.9-д “Төрийн байгуулалтын байнгын хороо нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн саналыг нэгтгэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болгон эцсийн хувилбарыг бэлтгэн санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна.” хэмээн заасны дагуу төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэдгийг хуралдаан даргалагч хэлсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таны сурталчилгаа