Цаг үеийн мэдээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.26/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 85 дугаар зүйлд “85.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Цэцийн тогтоолоор хууль, тогтоолын зарим зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болгосон бол Улсын Их Хурал хууль, тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

85.2.Цэцийн тогтоолыг чуулганы үеэр хүлээн авсан бол ажлын 15 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш ажлын 15 өдрийн дотор холбогдох Байнгын хороо Цэцийн тогтоолтой холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ.

85.3.Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзвэл Байнгын хороо хууль, тогтоолд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна. Тухайн төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй.

85.4.Нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг энэ хуульд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх журмаар хэлэлцэж батална.” хэмээн заасныг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос дээрх хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлж байгааг Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулсан юм.

Хуулийн төсөлд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн 3 дахь өгүүлбэрийг хасахаар тусгасан байна.

Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй учир хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэх горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоолтой холбогдуулан гаргах Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяагаар ахлуулан, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ж.Мөнхбат, Ж.Сүхбаатар, Ш.Раднаасэд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таны сурталчилгаа