Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр (2022.08.30) Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, 2021 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ээр тусгасан аж.
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай анхны бие даасан хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2002 онд баталж, 2009 онд шинэчлэн найруулж, 2012, 2015, 2016 онуудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцүүлэн чанаржуулах, багш, суралцагчийн мэргэжлийн ур чадвар, сургалтын байгууллагын бие даасан байдлыг дээшлүүлэх, цахим шилжилт, техник, технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, чанар, гүйцэтгэлийн үр дүнд суурилсан удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоонд шилжүүлэх зэрэг хуулийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага үүссэн гэж хууль санаачлагч танилцуулав.
Тэрбээр, хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр тодорхойлсон хэрэгцээ, шаардлагад үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлэн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэлээ.
Хуулийн төслийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/02 дугаар тушаалаар байгуулсан Боловсрол, шинжлэх ухааны яам, Сангийн яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Мэргэжлийн холбоод, Төрийн бус байгууллага, төрийн болон хувийн өмчийн сургалтын байгууллагын удирдлага, судлаач, багшийн төлөөлөл бүхий Ажлын хэсэг боловсруулсан бөгөөд хуулийн төсөл нь 8 бүлэг, 33 зүйлтэй байхаар боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн, хөдөлмөрийн болон харилцааны соёлтой, олон улсад өрсөлдөх мэргэшлийн өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэхэд ахиц өөрчлөлт гарч, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоо бүрдэнэ гэж үзжээ. Төсөл өргөн мэдүүлсний дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэвлэлийнхэд уг хуулийн үзэл баримтлал, ач холбогдлыг танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.