Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дэх зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томилсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Даваажанцангийн Сарангэрэл томилогдон өнөөдөр тангаргаа өргөж, үүрэгт ажлаа хүлээн авлаа. 

Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ирж шинээр томилогдсон сайдад тамга гардуулах ёслолд оролцлоо. Тэрээр, “Улсын их хуралд 3 удаа, сайдаар 2 удаа болон байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай, манлайлагч сайд томилогдож байна. Засгийн газрын хүн төвтэй бодлого, Сэргэлтийн 6 бодлогын Халамжаас-хөдөлмөрт, хөдөлмөрөөс-хөгжилд агуулгын хүрээнд ажиллаж шинэчлэлийг үргэлжлүүлэх ажлыг та бүхэнтэй хамтран хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гээд амжилт хүслээ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл, “Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж энэ салбарын хууль дүрэм, бодлогыг батлахад гар бие оролцож байсны хувьд цоо шинэ салбар биш юм. Тулгамдсан асуудал олон бий. Нийгмийн даатгалын багц хууль, тэтгэврийн шинэчлэл зэрэг хүлээгдэж буй асуудалд мэргэжлийн багтайгаа хамтран ул суурьтай, судалгаа тооцоотой гар нийлэн ажиллах болно. А.Ариунзаяа сайдын эхлүүлсэн олон ажлыг үр дүнтэйгээр үргэлжлүүлэхийн төлөө хичээн ажиллана” гэлээ.

Таны сурталчилгаа